2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тухай


ЭЗБӨЧСТ нь Швейцарийн Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн (ОУУХХ) дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран Монгол Улсаа дэлхийн сайн жишигтэй харьцуулах замаар өрсөлдөх давуу талаа онцлох, сул талуудаа олж харах, улмаар зорилго, зорилтуудаа тодорхойлох чиглэлээр өрсөлдөх чадварын иж бүрэн тайланг 2010 оноос эхлэн олон улсын аргачлалын дагуу боловсруулж, олон нийтийн хүртээл болгоод байна. ОУУХХ Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланг 1989 оноос хойш жил бүр тогтмол гаргаж ирсэн ба тус тайлан нь олон улсад нэр хүндтэй, улс орнуудын өрсөлдөх чадварыг цогцоор нь харуулдаг судалгааны бүтээл юм.

Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланд өрсөлдөх чадварыг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд 330 гаруй үзүүлэлтийг сонгон, 14 улсын ижил аргачлалаар цуглуулсан үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэдэг. Харьцуулан судалсан 14 улсыг өрсөлдөх чадвар өндөртэй, шилжилтийн эдийн засагтай, байгалийн баялаг ихтэй гэсэн 3 бүлгийг төлөөлөхүйц байдлаар сонгосон ба Сингапур, Катар, Малайз, БНСУ, Чили, Тайланд, Казахстан, Мексик, ОХУ, Перу, Словак, Словени, Болгар, Украин улсууд багтдаг.

Тайлангаас Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий төлөв байдал, өрсөлдөх чадварын давуу ба сул тал, хамгийн сайн ба муу үзүүлэлтүүд, статистик хүснэгтүүд, өрсөлдөх чадварын хувьсал, тулгарч буй бэрхшээл зэргийг дэлгэрэнгүй харах боломжтой.

Өрсөлдөх чадварын тайлан нь бодлого боловсруулагчид, судлаачид, бизнес эрхлэгчид болоод ард иргэдийн хувьд Монгол Улсын бодитоор үнэлэн харах үнэ цэнэтэй гарын авлага, лавлах толь болон ашиглагддаг. Бодлого боловсруулагчдын хувьд төрийн бодлого шийдвэрүүдийн үр дүнг харах, бусадтай улс орнуудтай харьцуулах, өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн улсуудын “амжилтын түүх”-ээс суралцах боломж олгодог бол бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, хянах, шинээр үйл ажиллагаа эхлэх газарт байршлын үнэлгээ хийх зэрэг олон төрлийн бизнесийн үйл ажиллагаанд холбоотой шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой. Эрдэмтэн, судлаачид, оюутан залуус олон улсын зах зээлд улс орнууд хоорондоо хэрхэн өрсөлдөж байгааг судлах, өрсөлдөх чадварын талаар илүү сайн ойлгоход тайлан дахь мэдээллийн баялаг сан туслах болно.

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал