Монголын эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) -өөс Швейцарийн Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран боловсруулсан Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайлангийн нээлтийн ажиллагаа Сэнтрал тауэрын “Сити клуб”-д боллоо. Уг ажиллагааг нээж тус төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Ерөнхий захирал Ч.Отгочулуу нар үг хэлж, тайлангийн ач холбогдол, судалгааны аргачлал, үр дүнгийн талаар товч танилцуулав.
Монгол Улсыг нийт 327 орчим үзүүлэлтээр дэлхийн 15 оронтой шууд харьцуулан
эрэмбэлсэн хураангуй тайлан эхний ээлжинд олон нийтэд хүрч буй юм. Харин
дэлхийн өрсөлдөх чадвар сайтай 60 орчим оронтой харьцуулах замаар Монгол Улсыг
багтаасан дэлхийн тайлан нь 2011 оны зун бэлэн болох ажээ.
Тайлангийн гол үр дүнг танилцуулахаас үзэхэд Монгол нийт 100 оноо авахаас 24
оноо авч бүлэг дотроо сүүлээсээ хоёрт буюу Болгар болон Украин улсуудын хооронд
эрэмбэлэгдсэн байна. Нийгмийн зохицол, харьцангуй ая тухтай, тайван амьдрал,
эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтүүд Монгол Улсын ерөнхий
үзүүлэлтийг дээш нь татсан бол, төсвийн үр ашиггүй үрэлгэн тогтолцоо хойш нь
татсан байна. Жишээ нь олон улсын түвшинд, дунд сургуулийн нэг багшид оногдох
сурагчдын тоо 18 байдаг бол манай улсад 32 байдаг юм байна. ЭЗБӨЧСТ-ийн үзэж
байгаагаар Монгол Улс тус тайланд дурьдагсан сул тал бүр дээр яаралтай арга
хэмжээ авч чадвал, өрсөлдөх чадварын үзүүлэлтээ богино хугацаанд эрс дээшлүүлж,
эзэлж буй байр сууриа бататгах бүрэн боломжтой юм байна.
Түүнчлэн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, Швейцарийн хөгжлийн
агентлагийн төлөөлөгч Феликс Феллман нар баяр хүргэж үг хэлэв. Нээлтийн
ажиллагаанд төвийг болон судалгааны ажлыг санхүүжүүлэгч үндэсний компаниудын
төлөөлөл болох М-Си-Эс группын тэргүүн дэд захирал Л.Энх-Амгалан, Жаст группын
Б.Энхбат, Ньюком группын гүйцэтгэх захирал Б.Болд, ХХБ-ны гүйцэтгэх захиралын
тэргүүн орлогч О.Орхон, Мобиком корпорацын ерөнхий захирал Д.Болор, МАК болон
Чингис Интернэйшл Группын төлөөлөгчид тэргүүтэй бизнесийн салбарын манлайлагч
нар байлцав. Мөн судалгааны ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн олон улсын
байгууллагуудыг төлөөлж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс, АНУ ын
ОУХАН-гийн ахлах ажилтан С.Үүрцайх тэргүүтэй зочид оролцов.
Мөн тус арга хэмжээний үеээр ЭЗБӨЧСТ-ийг төлөөлж Удирдах зөвлөлийн дарга
П.Цагаан, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөөлж захирал Д.Батжаргал,
Компаний засаглалын хөгжлийн төвийг төлөөлж захирал Ж.Үнэнбат нар бодит үр дүнг
судлах замаар амьдралд ойр шийдэл боловсруулах, судалгааны чадавхийг шинэ
түвшинд гаргах зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг
зурлаа.
Монголд анх удаа хэвлэгдэж буй тус тайлангийн үр дүнгийн талаар хэлэлцүүлэгүүд
цаашид ч мөн үргэлжлэх юм байна. Тус судалгаа нь зөвхөн Монголд зориулагдсан иж
бүрэн тайлан гэдгээс гадна үндэстний томоохон компаниудын санаачилга,
санхүүжилт зонхилсон гэдгээрээ онцлоготой юм байна.