Монгол Улсын
ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Өрсөлдөх чадвар ба компанийн
нийгмийн хариулага” сэдэвт олон улсын бага хуралд манай төв хамтран зохион
байгуулагчаар оролцлоо. Хурлыг нээж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
Д.Баттулга үг хэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ:
Өнөөдөр та бүхэнтэй
“Өрсөлдөх чадвар ба компанийн нийгмийн хариуцлага” гэсэн сэдвээр санал бодлоо
солилцох гэж буйдаа миний бие туйлын баяртай байна. Энэхүү боломжийг бүрдүүлж
өгсөн ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болон бусад зохион
байгуулагч нарт Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Бид бүхний урилгыг
хүлээн авч тэргүүн туршлагаасаа харамгүй хуваалцахаар, хол замыг туулж ирсэн
гадны зочид төлөөлөгчдөд ч мөн талархаж байна.
Монгол Улс тайван
замаар ардчилсан хувьсгалыг хийж, улмаар бүс нутагтаа улс төрийн эрх чөлөөгөөр
үлгэр жишээ орон болжээ гэдгийг бидний анд нөхдүүд байнга дурьддаг билээ.
Монгол Улс дэлхийн ардчилсан нийгэмлэгийг энэ жил тэргүүлж буй. ХБНГУ –ын
канцлер, хатагтай Меркелийн айлчлал ч Монгол Улсын ардчилсан сонголт, чөлөөт
эдийн засгийн төлөөх хөгжлийн замыг дэмжиж буйн илэрхийлэл гэж бид хүлээж авч
буй юм.
Хэдий дэлхий дахин
2008-2009 оны санхүүгийн их хямралаас ангижирч буй ч, өрийн гэгдэх шинэ хямрал
руу гулсан орох магадлалтай байна. Мэдээж олон улсын зах зээлд юу болж байгааг
та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Харин Монгол Улс хөгжлийн шинэ
гарааны эхэнд байна гэж судлаачид, гадны хөрөнгө оруулагчид тодорхойлж буй
билээ. Ер нь Монголын ирээдүй гэгээлэг харагдаж байна. Уул уурхайн баялаг
ордуудаа ашиглаж эхэлж буй манай улсын хувьд байдал харьцангуй сайн байна.
Эдийн засгийн өсөлт өндөр, төсөв ашигтай байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч
үргэлжлэх төлөвтэй байна. Та бүхэнд сонирхуулахад Монголын эдийн засаг 2011 оны
эхний хагас жилийн байдлаар бодитоор 14.3%-иар өсчээ. Энэ бол дэлхийд өндөрт
орох хурд юм. Улсын төсөв ашигтай гарсан бөгөөд ДНБ-тэй харьцуулахад 1.2%
тай байгаа нь мөн л өнөөгийн цаг үед харьцангуй сайн үзүүлэлт билээ.
Гэвч Монгол Улсын
өрсөлдөх чадвар сайнгүй байна. Хуулийн засаглал сул, төрийн оролцоо, хүнд
суртал их байгаа зэрэг нь гол хүндрэл болж байна. Нөгөө талаас зөвхөн ойр
зуурын ашиг хөөсөн болчимгүй ААН-үүдийн үйл ажиллагаанаас болж хэрэглэгч,
байгаль улмаар нийгэмд хохирол учруулж байна. Байгаль орчинд ээлгүй үйл
ажиллагаа явуулах юм бол татгалзаж байх ёстой. Энэ бол бид бүгдийн тогтвортой
компаниудын нийгмийн хариуцлага гэж хэлж болно.
Дэлхий нийт ч өнөөдөр
нэг хямралаас нөгөө хямрал руу унахад бэлэн байна. Өнөөдөр зөвхөн ашгийн
хойноос улайрах нь төгс шийдэл биш ээ гэдгийг тэргүүлэх судлаачид, бодлого боловсруулагч
нар хүлээн зөвшөөрч байна. Дэлхий даяар ажиглагдаж буй санхүүгийн зах зээл
дээрх хөөсрөл, хямрал, байгаль орчны бохирдол зэрэг нь энэ бүхний жишээ юм.
Иймд, байгаль дэлхий,
нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, засаглалаа ил тод, тунгалаг
болгохын чухлыг өнөөдрийн энэ хурал ч харуулна гэж бодож байна.
Өрсөлдөх чадвар гэдэг
бол түр зуурын ашиг биш юм, энэ бол урт хугацаанд компаниуд нь хөл дээр бат
зогссон, хүн ард нь эрүүл чийрэг, байгаль орчин нь жамаараа өсөж төлжсөн байх
тийм орчныг хэлнэ. Төр улсууд ч хоорондоо ард түмнээ хэр сайн амьдруулж чадаж
байгаагаараа өрсөлдөх болжээ гэж ойлгодог.
Монгол Улс эдүгээ илүү
төвлөрсөн дэглэмтэй, төр нь эрх мэдэл ихтэй орнуудын дунд оршиж байна. Эдгээр
орнуудад шийдвэр шуурхай гарч, эдийн засгийн хөгжил нь илүү хурдацтай мэт
харагддаг.
Харин Монгол Улсын
хувьд шийдвэр удаан гарч байна. Хэдий иргэд, улс төрийн намууд илүү эрх
чөлөөтэй ч, ард олны амьдрал тийм ч сайнгүй байна. Тэгэхээр бид улс төрийн
ардчилалын давуу талаас олгож буй боломжийг илүү сайн ашиглах ёстой. Хэлэлцэж,
мэтгэлцэж удаж гаргасан шийдвэрүүд маань Монголын эдийн засаг, нийгмийн урт
хугацаанд илүү эрүүл чийрэг болгоно гэдэгт би итгэдэг.
Монгол улс өнөөдөр
социализмаас капитализм хүртэлхи олон янзын боломж, хувилбаруудаас өөртөө тохирох
загварыг эрж хайсаар байна.
Чухам энэ үед
энэхүү олон улсын бага хурал зохион байгуулагдаж буй нь харилцан туршлага
солилцох өргөн боломж бүрдүүлж байгаагаас гадна, Монгол Улс зөв замаар урагшлах
эрмэлзэлтэй байгаагаа харуулж буй хэрэг гэж үзэж байна.
Өнөөдөр Монгол орон
улс төрийн ардчилал, засаглалын шинэчлэлийн хурдаар ижил төстэй орнуудтай
харьцуулахад харьцангуй өндөр амжилтанд хүрсэн болохыг олон улсын хөндлөнгийн
судалгааны байгууллагууд харуулдаг. Тухайлбал Бертелсманны шилжилтийн индекс,
Херитейж сангийн Эрх чөлөөний индекс зэргийг дурьдаж болох юм.
Харин эдийн засгийн
ардчилал, бодлогын ардчилалын талаар хийх зүйл их байна. Монголын өрсөлдөх
чадварын төвөөс бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд
Монголчууд төрийн засаглал, төрийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа юм.
Дэлхийн банк болон Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар ч бид тааруухан
дүн авчээ.
Яагаад вэ? Төрийн
засаглал сул байна. Монгол Улсын ардчилал харьцангуй залуу байна. Бүхнийг
Зөвлөлт ахаасаа хуулбарлан дууриаж ирсэн манай орон шилжилтийн дараа халуун
байрнаас гэнэт мөстэй хүйтэн усанд шидэгдсэнтэй адил нөхцөл байдалд орсон юм.
Зүүн Европ дахь бидний анд нөхдийг маань тосоод авсантай адил дулаан өлгий
бидэнд байсангүй. Монголоор бол хөрвийн аргаар бойжлоо. Гэвч цаашид бид
хөгжлийн асуудлаар илүү нухацтай бодож, мэтгэлцэж, төлөвлөж сурах хэрэгтэй
байна.
Төр тунгалаг, цэвэр
байх ёстой. Шүүх засаглал нь шударга байх ёстой. Ажлын байр бий болгодог хувийн
хэвшлийнхний хувьд төр дарамт биш харин тулгуур нь байх ёстой. Өнөөдөр болтол
бид Ардчилал гэдгийг Ерөнхийлөгчтэй, Парламенттай, хэвлэл мэдээлэл байхад
боллоо л гэж ойлгодог байсан. Гэхдээ шударга шүүх байхгуй бол ардчилал биш.
Тийм ч учраас Ерөнхийлөгч томоохон хууль төслүүд боловсруулан Их хуралд өргөн
бариад байгаа.
Чөлөөт зах зээлийн
зохицуулалт хэрхэн хийгдэх ёстой?, Юуг чөлөөлөх? Юуг зохицуулах, мөн аль
түвшинд гэсэн нэгдмэл ойлголт алга байна. Эдийн засгийн амин сүнс болсон мөнгө,
валют, санхүүгийн бодлого ч гэсэн улс төрчдөөс хэт хараат, ардчилсан бус
байсаар байна.
Бизнесийн салбарт,
бүгд биш шүү, заримд нь этик дутаж байна. Ардчилсан, иргэний хүмүүнлиг чөлөөт
эдийн засгийг Зэрлэг капитализмтай андуурч, буруу ойлгосон мэт авирлах
компаниуд ч мэр сэр байна.
Голын усанд хир
хүргэдэггүй Монгол уламжлал ч даяарчлалын энэ цаг үед алдагдах ёсгүй. Үүн дээр
дэлхийн шилдэг удирдахуйн ухааны арга аргачлал, стандартыг нэвтрүүлэх ёстой.
Байгаль, бэлчээрээ хамгаалж ирсэн уламжлалаа хадгалж, Хойч үеийнхээ уух усаар
алт угаахгүй байх учиртай.
Монгол менежерүүд
Гудамжинд хүүхэд өлсөж байгаа цагт илүү тансаглалаас татгалзаж чаддаг байх
ёстой.
Нөгөө талаас хувийн
хэвшлийнхэн маань ч гэсэн ардчилалаас бидэнд өгч буй дэлхийн сайн жишгээс
суралцах боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
Өнөөдөр нийгмийн
хариуцлагатай компани гэж ярьж байна. Зарим үед зүгээр нэг хоосон моод шиг,
машиныхаа цонхон дээр ёс төдий наасан реклам шиг болсон байна. Ашиг олдог.
Тэндээсээ хэдэн төгрөг гаргаж ямар нэг урлаг, спортын арга хэмжээг ивээн
тэтгэсэн болдог төдийгөөр л нийгмийн хариуцлагыг ойлгодог болж.
Юу хэлэх гээд байна вэ
гэхээр бизнесменүүд маань энэ нийгмийн нэг хэсэг нь шүү гэдгээ ойлгох хэрэгтэй
байна. Үндэсгүй мод ургадаггүйн адилаар соёлтой хэрэглэгч бүхий зах зээлгүй
бизнес хөгжихгүй ээ.
Төр муухай байна гэж
хэлэх нэг хэрэг. Тэгвэл тэр төрдөө үлгэрлээд явах боломжийг ардчилал таньд
олгосон шүү гэдгийг давхар санаж явах хэрэгтэй байна.
Нийгэм бол нуур. Нуур
хатаж ширгэж байвал хичнээн гоёмсог, хурдтай, хүчтэй, үнэтэй завиар та яах юм
бэ. Та нар бол Баялгийг бүтээгчид, санаачлагчид. Та нар энэ төрөөс шаардах
эрхтэй, гэхдээ засаглалаа сайжруулахад нь туслах үүрэгтэй.
Учир нь энэ төр засаг
чинь татвар төлөгчдийн, та нарын мөнгөөр амьдардаг. Иймд тэдэнд үлгэр жишээ
болох хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд,
Ардчилсан нийгмийн чухал тулгуур болсон Мэргэжлийн холбоод энэхүү арга
хэмжээг хамтран зохион байгуулж байгаад баяртай байна. Ер нь манайд цаашид энэ
бодлого боловсруулах үйл явцыг илүү ардчилах шаардлагатай. Хүчирхэг чадварлаг
тинк-танкууд олноор бий болох ёстой. Тэдгээр байгуулагууд “Чөлөөт
капитализмын гэмээр онолд үндсэн өөрчлөлт гарч буй энэ эгзэгтэй цаг үед
дэлхийн хөгжилд алхан орж буй гэдэг онцлогоо хэрхэн уялдуулах вэ?”, “Мөн
ардчилалаар олж авсан өөрсдөдөө эзэн болох эрх чөлөөгөө хэрхэн баталгаажуулах
вэ?” гэсэн асуудлуудаар байнга эрэл хайгуул хийж, нийгмээ, улс төрчдөө цэнэглэж
байх хэрэгтэй.
Төр нь ч тэр, хувийн
хэвшил нь ч тэр зарчимч, ёсзүйг эрхэмлэж байж бид өрсөлдөх чадвараа сайжруулж
чадна. Шударга ёсзүйтэй компаниуд хөрөнгө оруулалтыг түлхүү татаж, хурдан өсч
бойжиж чадна. Энэ хирээр хариуцлага улам өснө гэдгийг та бүхэн мэдэж буй биз
ээ.
Монгол Улсаа илүү
өрсөлдөх чадвартай болгож, компаниуд нийгэм маань тус тусдаа биш хамтдаа хөгжих
тэр арга замыг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болно гэдэгт найдаж байна.
Хурлын ажиллагаанд
амжилт хүсье.