2024, 12-р сар 22, Ням гариг Шилэн данс

Монголын хөгжлийн зураглал: Өөдрөг ирээдүйг бүтээх нь

2013 оны 9-р сар 27, Баасан гариг

Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тогтвортой хөгжилд хүргэх замыг эрэлхийлэхийн тулд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монголын хөгжлийн зураглал: Өөдрөг ирээдүйг бүтээх нь” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр төр, хувийн хэвшил, судалгааны болон олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөгчид нэг дор цугларч, эх орныхоо ирээдүйн тухай стратегийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Олон улсын “Heminge and Condell” компанийн мэргэжилтнүүд өнгөрсөн онд Улаанбаатарт ирж, Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарыг төлөөлөх манлайлагчдын тусламжтайгаар Монгол Улсын 2025 он хүртэлх хөгжлийн зураглалын 4 хувилбарыг боловсруулсан байдаг. Нийт 2 удаагийн цуврал хэлэлцүүлгээр оролцогчид тэдгээр зураглалтай танилцаж, дүн шинжилгээ хийж, ирээдүйн талаар бодож ярилцсан юм. Энэхүү хэлэлцүүлгүүдээс гарсан үр дүн, санал зөвлөмжүүдийг нэгтгэж, товхимол бэлтгэн олны хүртээл болгохоор ажиллаж байна.

Зураглалын 4 хувилбарыг тоймлоход:

“Ирээдүйн амлалт” зураглалын үед ашигт малтмалын эрэлт аажмаар буурч, эрдэс баялгийн үр шимийг хүртэх цаг хойшилно. Илүү нээлттэй, боловсронгуй, өрсөлдөх чадвартай эдийн засгийг байгуулах нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулахын тулд Монголын эрх баригчид хамтарна;

“9 хөлт цагаан туг” зураглалын үед ашигт малтмалын эрэлт (ялангуяа Хятадын эрэлт) их байгаагаас Монгол Улсын эрдэс баялгийн салбар цэцэглэнэ. Монгол хүн бүрт үр өгөөжөө өгөх өөдрөг ирээдүйг бий болгохын тулд бизнес, нийгэм, улс төрийн манлайлагчид хамтран ажиллана;

“Говийн шуурга”, ашигт малтмалын өндөр эрэлт Монголын эрдэс баялгийн салбарыг дэмжих болно. Харамсалтай нь олигархууд болон гадаадын хөрөнгө оруулагчид улс төр, эдийн засгийн эрх мэдлийг хувийн эрх ашгийнхаа төлөө ашигласнаас баян ядуугийн ялгаа нэмэгдэж, өрсөлдөх чадвар доройтно.

“Биелээгүй мөрөөдөл”, Хятадын эдийн засгийн өсөлт саарснаар ашигт малтмалын эрэлт буурна. Энэ нь Монголын эрдэс баялгийн салбарын ирээдүйг бүрхэг болгоно.Эдийн засгийн эмх замбараагүй байдал популист дарамтад оруулна.

Олон улсын дэмжлэг суларч, Засгийн газар болон хувийн хэвшлийн эсрэг дургүйцэл бий болж, хэт үндсэрхэг үзэлч нам төрийн эрх барина.

  • 1-р хэлэлцүүлэг- Ирээдүйг төлөвлөх нь-Зураглалын 4 хэлбэр PDFүзэх/татах
  • 2-р хэлэлцүүлэг- Монголын ирээдүйг шинжихүй PDF үзэх/татах
  • 2-р хэлэлцүүлэг- Тодорхой бус ирээдүйг залуурдах нь PDF үзэх/татах
  • 2-р хэлэлцүүлэг-Урьдчилан сэрэмжлүүлэх систем PDFүзэх/татах

ЭЗБӨЧСТ нь судалгаа, шинжилгээ хийн, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна сургалт, семинаруудыг тогтмол зохион байгуулдаг.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан