Эдийн засгийг солонгоруулж, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх “Монгол брэнд” сэдвийг энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганаар хөндлөө. Мал аж ахуй, түүх соёл, язгуур урлагийн арвин нөөцөө ашиглан уул уурхайгаас хараат байдлаас хэрхэн гарах талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөгчид хэлэлцсэн юм.
Монгол Улс нь аливаа асуудлыг
ярилцаж байж шийддэг, ардчилсан, нээлттэй улс болохыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
чуулганы хоёр дахь өдрийг нээж үг хэлэхдээ тэмдэглээд, бүх эрх мэдэл ард түмний
гарт байгааг сануулсан. Монголын эдийн засгийн чуулган нь Давосын чуулганы
нэгэн адил ярилцаж, хөгжлийн хандлагаа тодорхойлох зорилго бүхий уулзалт
болоход итгэдгээ тэрбээр илэрхийллээ. Гэвч урт хугацааны бодлого боловсруулахад
тодорхой хэмжүүр хэрэгтэй бөгөөд Давосын чуулганы хувьд тэр хэмжүүр нь Дэлхийн
эдийн засгийн форумаас гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан байдаг. “Бид
ийм маягаар хэмжүүр тавьж харахгүй байгаагаас ажил урагшаа явахгүй байна”
хэмээн Ерөнхийлөгч ярив. Сайд дарга нар ямар хөл дээрээ босохоос шалтгаалан
төрийн бодлого өөрчлөгддөг байж болохгүйг тэрбээр тэмдэглээд, “Зөв буруугаа
хэмждэг хэмжүүртэй болъё” хэмээн уриаллаа. Үүний тулд улс төрөөс хараат бус,
бие даасан, мэргэжлийн судалгааны байгууллагуудын боловсруулан гаргадаг
судалгааны тайлангуудыг ашиглаж сурах нь зүйтэй.
Ингээд Ерөнхийлөгч Эдийн
засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс боловсруулан
гаргадаг Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгай тайланг танилцуулсан юм. Энэхүү
тайланг гаргахдаа ижил төстэй 14 оронтой Монгол Улсыг харьцуулж, нийт 330 гаруй
үзүүлэлтээр улс орнуудын хөгжлийг хэмжин эрэмбэлдэг билээ. “15 орон уралдлаа,
Монгол Улс 15 дугаарт л байна” гэж Ерөнхийлөгч хэлээд, манай орны өрсөлдөх
чадварыг улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил хойш чангаасаар
байгааг тэмдэглэв.
ЭЗБӨЧСТ нь мөн энэ жил Монголд
анх удаа орон нутгийн хөгжлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу
хэмжиж, Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг боловсруулан гаргасан. Энэхүү
судалгаа нь хот хөдөөгийн ялгаа нэмэгдэж байгаагийн зэрэгцээ аймгуудын
хоорондын хөгжлийн ялгаа ч их байгааг харуулсан юм. Тухайлбал, Дундговь аймгийн
өрсөлдөх чадварын үнэлгээ Орхоныхоос даруй гурав дахин бага байна. “Монгол Улс
маань хөгжлийн хувьд яг л саажилттай юм шиг харагдаж байна” хэмээн Ерөнхийлөгч
хэлээд, Улаанбаатар, Эрдэнэт, Өмнөговь гэсэн хэсэгт л хөгжил төвлөрч байгааг
тайлбарласан. Тиймээс хөгжлийн бодлогоо судалгааны үндсэн дээр зөв тодорхойлж,
орон нутгийг хөгжүүлэх, Монгол Улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарах
ёстойг тэрбээр санууллаа.