Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран 10-р сарын 8-9-ны өдрүүдэд “ЗҮҮН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН-2015”-ыг “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ” уриан дор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгууллаа.
Тус өдрүүдэд зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн бизнес эрхлэгч, удирдлагууд болон хөрөнгө оруулагч гадаад, дотоодын байгууллагууд нэг дор цугларав.
Чуулганд 150 орчим оролцогчид 2 өдрийн турш зүүн бүсийн өрсөлдөх чадварт тулгуурласан хөгжлийн тулгуур салбаруудын талаар хэлэлцэв. Хэлэлцүүлэгт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг сэдвүүдээр илтгэл явагдаж салбар хуралдаан өрнөв.
Чуулганы үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдийн оролцсон үзэсгэлэн худалдаа болж Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын төлөөллөөс өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцуулав.