2024, 12-р сар 21, Бямба гариг Шилэн данс

Дүүргүүдийн өрсөлдөx чадварын судалгааны тухай

ЭЗБӨЧСТ нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн ба судалгааг хоёр жил тутамд боловсруулж дүүргүүдийн өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах зорилго тавьсан билээ. Одоогоор бид дөрөв дэх тайлангаа гүйцэтгээд байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчлан үнэлэх тус бүр гурван дэд бүлэг буюу нийт 15 дэд бүлгийн хүрээнд нарийвчлан
тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулсан ба  дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашигласан.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно.

Хамгийн сүүлийн буюу 2023 оны судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.568 оноотой үнэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргүүд тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна.

Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч  үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй юм.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг та манай сайтаар дамжуулан уншихаар эсвэл татаж авахаар худалдан авах боломжтой. Мөн хэвлэмэл байдлаар манай төв дээрээс эсвэл номын дэлгүүрүүдээс авах боломжтой.

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал