2024, 11-р сар 22, Баасан гариг Шилэн данс

Дэлхийн өрсөлдөх чадварын чуулган болов

2013 оны 11-р сар 26, Мягмар гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбооны (ДӨЧЗХ) жилийн уулзалт болон Дэлхийн өрсөлдөх чадварын чуулган 2013 оны 11-р сарын 21-22ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдав. Энэ удаагийн уулзалтыг ДӨЧЗХ болон БНСУ-ын Стратеги, сангийн яам, БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа.  “Бүтээлч эдийн засаг” уриан дор зохиогдсон энэхүү уулзалтын үеэр БНСУ, АНУ, Бразил, Чили, Япон, Казакстан, ОХУ, АНЭУ зэрэг ДӨЧЗХ-ны гишүүн улс орнуудын өрсөлдөх чадварын тэргүүлэх мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид цуглан дэлхий дахины инноваци, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадварын чиг хандлагын талаар хэлэлцэн туршлага солилцов. Чуулганы эхний өдөр БНСУ-ын зүгээс тус улсын ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ видео мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ яамдын сайд, хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын удирдах ажилтнууд болон тэргүүлэх эртэмтэн судлаачид илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү уулзалтад Төвийн менежер И.Одончимэг оролцон ДӨЧЗХ-ны гишүүдийн уулзалтын үеэр төвийн үйл ажиллагааны талаар танилцуулан хэлэлцүүлэгт оролцов. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь ДӨЧЗХ-ны жинхэнэ гишүүн бөгөөд ийнхүү гуравдахь удаагаа уулзалт, арга хэмжээнд оролцон туршлага солилцсон юм. Тус зөвлөлийн зүгээс Монгол Улсыг төлөөлөн ЭЗБӨЧСТ нь жил тутам хэвлэгдэн гардаг “Өрсөлдөх чадварын стратегийн сайн туршлага” товхимолд хоёр дахь удаагаа нийтлэл бичин хэвлүүлснийг онцлоод цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэйг тэмдэглэв.

Дашрамд дурьдахад ДӨЧЗХ нь улс орнуудын хөгжлийн өнөөгийн түвшин, чиг хандлага болон хөгжил дэвшлийн замналыг харьцуулсан судалгаа, статистик мэдээлэл дээр суурилсан шинэ хэмжүүрүүд гаргах санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажлын танилцуулгыг албан ёсоор хийлээ. Дээрх мэдээлэл дээр суурилсан мэдээллийн сан бүхий вебсайтыг 2014 онд хийж дуусгахаар зорин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.thegfcc.org/ хаягаар авах боломжтой.   



МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан