Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн хамтрагч “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв” (ДӨЧТ, IMD World Competitiveness Center)-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн” (ОУУХХ)-ээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2018” судалгааны үр дүнгийн урьдчилсан үр дүнг танилцуулж байна.
Монгол Улс 63 улсаас 52.6 оноогоор (100 онооноос) 62-рт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жилийн тайланд нийт 63 улсаас 48.1 оноотой 62-рт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсжээ.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ- 2018
Нийт 63 орноос АНУ, Хонг Конг, Сингапур, Нидерланд, Швейцарь улсууд эхний топ 5 улсад эрэмбэлэгдэв. 30 дахь жилдээ эрхлэн гаргаж буй Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ нь өмнөх жилүүдийн урт хугацааны чиг хандлагыг онцлон илтгэхээс гадна жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн улс орнуудын өрсөлдөх чадварын өөрчлөлтийг харах боломжтой юм.
Айргийн 5-т орсон орнууд өнгөрсөн жилийн адил байгаа боловч эрэмбэ дарааллын хувьд тодорхой өөрчлөлт орсон. АНУ, Хонконгийг тэргүүлж, араас нь Сингапур, Нидерланд, Швейцарь удаалсан байна. АНУ өнгөрсөн жилээс гурван байр ахисан бол Хонг Конг нэг байраар ухарч, Сингапур өмнөх жилийн адил 3-рт эрэмбэлэгджээ.
Эдийн засгийн чадавх болон дэд бүтэц зэрэг үзүүлэлтээр АНУ шат ахиж тэргүүлэх болов. Хонг Конг засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын үр ашигт ажиллагаагаар тэргүүлэв.
Өнгөрсөн жил 4-р байрт эрэмбэлэгдэж байсан Швейцарь нэг шат буурч Нидерланд нэг шат ахив. Нидерланд Улс бизнесийн болон эдийн засгийн ашигт ажиллагаа, засаглалын үзүүлэлтээр эхний 10-рт эрэмбэлэгдэж байгаа нь өрсөлдөх чадвараар хамгийн “тогтвортой” ахиц дэвшилтэй байгааг харуулж байгаа юм. Швейцарь улс экспорт, судалгаа шинжилгээний зардлын шилжилтэд нөлөөлөх эрсдэл зэргээс шалтгаалж буурсан үзүүлэлттэй байна.
ТОП 10-т Скандинавын орнууд багтсан байна: Дани 6-рт, Норвеги 8-рт, Швед 9-рт эрэмбэлэгдэв. Эдгээр улсуудын хамгийн сайн үзүүлэлт нь хувийн хэвшлийн бүтээмж, менежментийн туршлага байгаа юм. Энэ улсуудтай мөр зэрэгцэн Арабын Нэгдсэн Эмират 7-р байрт, Канад 10-р байрт оржээ.
Эдийн засгийн өндөр чадавхтай улсууд энэ жилийн тайланд ч өндөр үзүүлэлттэй гарав. Австри (18-р байр), Хятад (13-р байр) 7 болон 5 байраар тус тус урагшилсан байна. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал, профессор АртуроБрис хэлэхдээ “Австри улсын бизнесийн байгууллагуудын бүтээмж өссөн нь засгийн газрын өрийг багасгаж, эдийн засаг өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол БНХАУ-ын хувьд биет болон биет бус дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, байгууллагын ашигт ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахад анхаарч ажилласан.”
ОХУ болон Турк Улс нэг байр урагшилж 45, 46-д оров.
Сүүлийн жилүүдэд УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД өртөөд байсан доорх улсуудад тодорхой өөрчлөлт орсон байна. Монгол Улс 62-рт эрэмбэлэгдсэн бол Венесуэл өнгөрсөн жилийнхтэй адил 63-рт буюу сүүл мушгисан байна. Украин 59-рт орсон бол 2010 оноос хойш анх удаагаа Бразил улсын бодит ДНБ, хөдөлмөр эрхлэлтэд эерэг өөрчлөлт орсноор 60-рт орж ялимгүй ахисан байна. Украины хувьд бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа нэмэгдсэн нь Хорват улсыг 2 байраар ухрааж 61-рт эрэмбэлэгдэхэд нөлөөллөө.
“Энэ жилийн үр дүн өрсөлдөх чадварын ерөнхий дүр зургийг бататгаж байгааг онцолж улс орнууд өрсөлдөх чадварын өөрчлөлтөөс хамааран янз бүрийн алхамууд авч хэрэгжүүлж байна” гэж Профессор АртуроБрис хэллээ. Эрэмбэ дээгүүр жагсаж буй улс орнуудын өрсөлдөх чадварын хүчин зүйлсийн үзүүлэлт дунджаас дээгүүр байгаа ч өрсөлдөх чадварын хувьд хоорондоо ялгаатай байгааг мөн дурдсан байна. Жишээлбэл, эдийн засгийн өндөр чадамжтай улс байлаа гэхэд биет болон биет бус дэд бүтцийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадварын стратегид тусгаж болох ч засаглалын үр бүтээмжтэй удирдлагаар өрсөлдөх чадварыг сайжруулах боломжтой талаар дурдсан.
Уг тайлан нь 1989 оноос хойш жил бүр 258 гаруй үзүүлэлтээр хэмжиж гаргадаг тусгай тайлан юм. Статистик тоон үзүүлэлтэд үндэсний хөдөлмөр эрхлэлт, худалдааны тоо баримт зэрэг багтаж байгаа бол “зөөлөн” тоон мэдээлэл буюу Удирдах ажилтны санал асуулгаар бизнесийн байгууллагуудын авилгал, байгаль орчны асуудал, амьдралын чанар зэрэгт тулгуурлан боловсруулдаг. Энэ жилийн тусгай тайланд нийт 63 улс эрэмбэлэгдсэн.
БҮС НУТГААР ОНЦОЛБОЛ
Ази
Ази орнуудын хөгжил харьцангуй ялгаатай байна. Хонг Конг, Сингапур тэргүүлсэн бол Япон 25-рт, БНСУ 27-рт, Малайз 22-рт, Энэтхэг 44-рт буюу тодорхой өсөлттэй гарсан. Харин Тайвань 17-рт, Тайланд 30-рт, Индонез 43-т орж хэдэн байр ухарчээ. Австрали 19-рт буюу 2 байраар наашилж, Шинэ Зеланд 23-рт буюу 7 байраар ухрав. Филиппин улс бүс нутагтаа хамгийн их буурсан үзүүлэлттэй буюу 9 байраар ухарч 50-рт эрэмбэлэгдсэн. Аялал жуулчлал буурсантай холбоотой хөдөлмөр эрхлэлт багасаж, төсвийн санхүүжилт доройтож, боловсролын чанарын бууралт зэргээс шалтгаалжээ. Тайвань улсаас бусад бүс нутгийн улсууд биет болон шинжлэх ухааны дэд бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна.
Европ
Зүүн Европын улсуудад ч мөн ялгаагүй холимог үр дүн харагдаж байгаа ч эдийн засгийн голлох үзүүлэлт сайжирсан байгаа юм. Литва 32-рт, Польш 34-рт, Словени 37-рт, Унгар 47-рт, Румын 49-рт жагсаан. Эдгээр улсуудаас Польш, Словени, Унгар улсууд 4, 6, 5 байраар урагшилсан. Польшийн ДНБ-ий өсөлт, үйлчилгээний салбар дахь худалдааны экспортын өсөлт, засгийн газрын өрийн удирдлагыг сайжруулсан нь нөлөөлжээ. Унгар улс үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлж, ААН-үүдийн татварыг бууруулах замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн. Харин Словени улсын дотоод эдийн засгийн орчинд эерэг өөрчлөлт гарч, улсын төсөв сайжирсан. Чех 29-рт, Эстони 31-рт, Словак 55-рт эрэмбэ буурсан бол Латви өмнөх жилийн адил 40-р байрт оржээ.
Баруун Европын улс орнуудын хэдхэн улс нь энэ жил эрэмбэ өссөн хандлагатай байна. Ирланд (12-р байр), Люксенбург (11-р байр) топ 10 улсын эрэмбэд багтаагүй бөгөөд 6 болон 3 байраар ухарсан байна. Герман (15-рт), Финланд (16-рт), Их Британи (20-рт), Исланд (24-рт), Бельги (26-рт), Испани (36-рт), Кипр (41-рт) эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлттэй байгаа юм. Кипр, Испани улсуудаас бусад улсууд ерөнхий өрсөлдөх чадварын үнэлгээгээр буурч байгаа нь эдийн засгийн үзүүлэлт удааширсан нь янз бүрийн түвшинд байгааг харуулжээ. Жишээлбэл, эдийн засгийн чадавхаар Исланд улс 18 байр ухарсан бол Их Британи 16 байр ухарсан байгаа юм. Эсрэгээр, Франц (28-рт), Португал (33-рт), Итали (42-рт) улсууд өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбээр 3,6, болон 2 байраар урагшилсан. Португалийн өсөлт нь засгийн газрын ил тод байдал зэрэг институцийн үр ашигт ажиллагааны үр дүнд эдийн засгийн үйл ажиллагааны өсөлтийг эерэгээр хослуулж ажилласан. Грек Улс 57-р байрт буюу өнгөрсөн жилээс өөрчлөлтгүй хэвээр байгаа юм.
Ойрхи Дорнод
Тус бүс нутагт улс төрийн хурцадмал байдал нэмэгдсээр байгаа ч өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр сайжирчээ. Саудын Араб 3 байраар ухарч 39-рт эрэмбэлэгдэж, Арабын нэгдсэн Эмират улс (7-рт), Катар (14-рт), Израиль (21-рт), Иордан (52-рт) жагссан үзүүлэлттэй байна. Арабын нэгдсэн Эмират болон Катар улсууд олон улсын худалдааг бэхжүүлж ажилласан бол Израиль, Иордан улс өрсөлдөх чадвараа сайжруулахад засаглалын болон бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаа сайжруулж ажиллав.
Өмнөд Америк
Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт хамаарах улсуудаас: Аргентин (56-рт), Бразил (60-рт), Перу (54-рт) орж шат ахисан үзүүлэлттэй харагдаж байгаа юм. Аргентин, Перу улсын жишээн дээр авч үзвэл бизнесийн байгууллага дахь ашигт ажиллагаа болон бүтээмж сайжирсан үзүүлэлттэй.
Чили (35-рт), Венесуэл (63-рт) улсууд өмнөх жилийн байраа хадгалсан байна. Мексик эрэмбэ ухарч 51-рт орсон нь институцийн чанар, бизнесийн эрх зүйн орчин, бизнес эрхлэхүй, зарим тохиолдолд корпорацийн засаглал муудсан нь буурахад нөлөөлөв. Мөн ижил Колумб 58-рт эрэмбэлэгдсэн шалтгаан нь шинэ компани байгуулахад гарах хүнд суртал, засаглалын үр ашиггүй байдлаас гадна татварын нэмэгдэлтэй холбоотой юм.
Өмнөд Африк
Өмнөд Африк 53-рт орж харьцангуй тогтвортой гарсан. Институцийн тогтолцоо валютын ханшны тогтвортой байдлыг хангасан нь засаглалын үр ашгийг багагүй нэмэгдүүлэхэд тодорхой ахиц болсон. Гэмт хэргийн бууралт, жендерийн тэгш бус байдалд авч буй арга хэмжээ нь байраа тогтвортой авч хадгалахад нөлөөлөв. ДНБ-ийн эерэг өсөлт, төсвийн алдагдал сайжирсан нь Өмнөд Африкийг шилжилтийн үеэсээ гарч, экспортын түншүүд тогтвортой түвшинд үргэлжлүүлэн дэмжиж ажилласан зэргээс хамаарчээ.
Тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсхүл 63 улсаас сонирхож буй улсаа өрсөлдөх чадварын үзүүлэлтээр харьцуулж үзэх боломжийг Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн (ДӨЧСТ) албан ёсны вэбсайтаар зочилж танилцах боломжтой. Албан ёсны линк: https://www.imd.org/wcc-press/home/?access=pressWC...