2024, 12-р сар 21, Бямба гариг Шилэн данс

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024

2024 оны 11-р сар 19, Мягмар гариг

Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-ийг танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар хамтран ажилладаг юм.

Судалгааны тухай

2024 оны тайлан нь “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолсон болно. Шалгуур үзүүлэлтүүд нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрдсэн. Энэ жилийн тайланд нийт 67 улс хамрагдсан юм.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нь засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.

Судалгааны үр дүнгээс,

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024 ерөнхий эрэмбэ

2024 оны дижитал өрсөлдөх чадвараар Сингапур улс тэргүүлж, Швейцар 2-рт, Дани 3-рт, АНУ 4-рт, Швед 5-рт эрэмбэлэгдлээ. Өмнөх жил АНУ тэргүүлж, Сингапур улс 3-рт эрэмбэлэгдэж байжээ. Харин Монгол, Гана, Нигер, Венесуэл улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ.

МОНГОЛ УЛС

Нийт гүйцэтгэл (67 улсаас)

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарч 67 орноос 64-рт эрэмбэлэгдэж байна. 2023 онд Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын оноо 43.03 байсан бол, энэ онд 41.31 болж 1.72 оноогоор буурчээ.

Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээ 6-аар ухарч 62-рт, “Технологи” бүлгийн эрэмбэ 6-ээр ахиж 55-рт эрэмбэлэгдэж, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр 2 эрэмбээр ухарч 64-рт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024-т Монгол Улсын давуу талуудыг дурдвал, боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24-рт, эмэгтэй судлаачид үзүүлэлтээр 1-рт, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 6-рт, өндөр технологийн экспортын хувь 8-рт, ухаалаг утас эзэмшилт 7-рт байгаа бол сул тал нь олон улсын туршлага 66-рт, оюуны өмчийн эрх 66-рт, их өгөгдлийн аналитик ашиглалтын түвшин 67-рт, төр хувийн хэвшлийн түншлэл 66-рт, мэдлэгийн шилжилт 67-рт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14-рт, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37-рт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20’000 ам.доллароос бага 23 улс хамрагдсанаас 20-рт эрэмбэлэгджээ.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан