2024, 11-р сар 21, Пүрэв гариг Шилэн данс

Банкны секторын зарим үзүүлэлтийн өсөлт 2011 оны III улиралд удааширсан, буурсан дүр зураг ажиглагдлаа.

2011 оны 11-р сар 24, Пүрэв гариг

2011 оны эхний гурван улирлын байдлаар банкны салбарын нийт актив 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөн бол нийт пассив буюу бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 7.62 их наяд төгрөгт хүрч, 53 хувиар нэмэгджээ. Ингээд нийт зээл 5.08 их наяд төгрөгт хүрч 63 хувиар, нийт харилцах 1.83 их наяд төгрөгийг шүргэж 50 хувиар, нийт хадгаламж 3.6 их наяд төгрөгт хүрч 63 хувиар тус тус өссөн байна. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн дүн 564 тэрбум төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 98 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Зээлийн эрэлт  өсөхөд харилцах, хадгаламжийн өсөлтөөс гадна зээлийн хүүний бууралт нөлөөлж байна. Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 3.5 нэгжээр буурч 16.2 хувь, валютын зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 1.7 нэгжээр буурч 12.3 хувь болжээ. Мөн нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь хэмжээ буурч хямралын өмнөх түвшинд очлоо. Хэдийгээр хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буурсан ч (сүүлийн нэг жилийн хугацаанд төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.9-10.3 хувь, валютын хадгаламжийнх 5.8-4.2 хувь болж буурсан) хадгаламж өссөн нь харилцагчдын банкинд итгэх итгэл, гар дээрх бэлэн мөнгө нэмэгдсэнтэй холбоотой байж болох юм. Энэ бүгдээс үзэхэд Монголын банкны систем эрүүлжиж байна гэх үндэслэл бий.

Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд өндөр өсөлттэй байсаар ирсэн банкны секторын зарим үзүүлэлтийн өсөлт 2011 оны III улиралд удааширсан, буурсан дүр зураг ажиглагдлаа. Энэ нь Монгол банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний хумих бодлого, валютын ханшийн тогтворгүй байдалтай шууд холбоотой. Нйит банкны системийн хадгаламж, зээлийн харьцаа 71 хувь байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нэг нэгжээр өссөн, өнгөрсөн улирлаас долоон нэгжээр буурсан үзүүлэлт юм. Энэ нь манай банк санхүүгийн секторт эх үүсвэрийн хомсдол бий болж байгааг харуулж байна. Нөгөө талаас зээлийн хурдтай өсөлттэй холбоотой байж болох юм.

Монголын банкны секторт өнөөгийн байдлаар Том-3 банк ноёлж байна. Тэдний нийт зах зээлд эзлэх хувь (активаар) өнгөрсөн жилийн мөн үеэс нэг нэгжээр буурч, 68 хувь боллоо. Том-3 банкны хоорондох өрсөлдөөн ширүүн байгаа бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн их өсөлт үзүүлсэн нь ХХБ юм. Хаан банкны хувьд хамгийн бага өсөлт үзүүлсэн ч хөрөнгийн  үзүүлэлтүүдээр тэргүүлсэн хэвээр байна. Харин өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой өсөлт үзүүлж байсан Голомт банк эдүгээ нийт пассив, хадгаламж гэсэн үзүүлэлтээр тэргүүлж эхлэв. Том-3 банкны зах зээлд эзлэх хувь хумигдаж байгаа нь Дунд-3 банкны хурдтай өсөлттэй холбоотой бөгөөд ялангуяа Хас, Хадгаламж банк хурдтай өсөлт үзүүлж чадсанаар банкны салбарын өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна. Хас банк өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт активаа 87 хувиар, нийт пассиваа 88 хувиар өсгөж банкны секторын есөн хувийг (актив, пассиваар) эзэлж байгаа бол Хадгаламж банк мөн актив, пассиваа 75, 77 хувиар тус тус өсгөжээ. Бусад жижиг банкны хувьд зах зээлээс шахагдах дүр зураг ажиглагдлаа.Үүнтэй давхцаад 2011 оны 7-р сард Монголбанкны ерөнхийлөгч банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэн 16 тэрбум төгрөгт хүргэх тухай тушаал  гаргасан билээ. Уг шийдвэрийн дагуу 2013 оны 5-р сарын 1-ний дотор арилжааны банкууд дүрмийн сангаа 16 тэрбумд хүргэх шаардлагатай юм. Энэ нь нэг талаасаа жижиг банкуудад дарамт болох ч нөгөө талаасаа манай банк санхүүгийн секторыг илүү чанаржуулж, харилцагчдын өмнө найдвартай байдлыг илүү хангах зорилготой юм.

Та банкны секторын өрсөлдөөний тоймын 2011 оны 3-р улирлын дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан