Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс Монголд анх удаа орон нутгийн өрсөлдөх чадварыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу судалж, Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг боловсруулан гаргалаа. 2013 оны 2 дугаар сарын 25-нд Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Лакшми, судлаач Э.Тунгалаг нар энэхүү судалгааны тайлангийн зорилго, ач холбогдол, гол үр дүнг товч танилцуулав. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулах замаар тодорхойлж өрсөлдөх чадварын индексийг тооцон гаргасан юм. Энэхүү тайлан нь аймаг бүрийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс гадна тэнд бизнес эрхлэгчдийн үнэлэлт, хүлээлтийг харуулж, нийт 180 өгөгдөл ашиглан өрсөлдөх чадварыг нь цогц байдлаар хэмжсэн билээ.
Өрсөлдөх чадварын
үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлж, Өмнөговь, Дархан-Уул аймаг удаалжээ. Орхон
аймаг 100 оноотой гэж үзвэл Дундговь аймаг өрсөлдөх чадвараар 27.6 буюу бараг
дөрөв дахин бага үзүүлэлттэй байна. Энэ нь хот хөдөөгийн ялгаа улам гүнзгийрч
байгаагийн зэрэгцээ аймгуудын хөгжил ч хоорондоо эрс ялгаатай байгааг харуулж
буй.
Энэхүү судалгаа нь мөн
аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талуудыг тодорхойлж, өрсөлдөх чадварын
боломж, чадавхийг нь үнэлснээрээ онцлог. Тиймээс Аймгуудын өрсөлдөх
чадварын тайлан нь орон нутгийн хөгжлийн тогтвортой, урт хугацааны
бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж
байгаа юм. Тус судалгааны тайлан бодлого боловсруулагчид төдийгүй бизнес
эрхлэгчид, иргэдэд ч өөрийн ажиллаж, амьдарч буй орон нутгийн хөгжлийн түвшинг
үнэлэх, хэмжих, хамгийн гол нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодитой, барьцтай
судалгааны үндэслэлтэйгээр гаргах боломж олгож байна.
“Аймаг бүрт ямар давуу
тал байгааг мэдэж, түүнийг ашиглахын тулд юуг засаж сайжруулахаа ойлгох
боломжийг энэхүү тайлан бидэнд олгож байна. Цаашдаа Аймгуудын өрсөлдөх чадварын
тайланг жил бүр боловсруулан гаргаж чадвал бид хөгжлийн бодлого зөв явж байгаа
эсэхэд дүгнэлт хийж, төсөл хөтөлбөрийн үр дүнгээ ч үнэлэх боломжтой болох юм”
хэмээн орон нутгийн өрсөлдөх чадварын судалгааг хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн
ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Бүс нутгийн эдийн засгийг
дэмжих хөтөлбөрийн Үйл ажиллагааны хэрэгжилт хариуцсан захирал С.Байгалмаа
тэмдэглэв.
ЭЗБӨЧСТ нь Аймгуудын
өрсөлдөх чадварын тайланг ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн
дэмжлэгтэйгээр, МҮХАҮТ болон МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимууд,
Үндэсний хөгжлийн хүрээлэн, Монголын эдийн засгийн форумтай хамтран гаргасан
болно.