Азийн Тинк-Танкуудын чуулган 2017 "Тинк-Танкууд, Төрийн бодлого ба Засаглал" сэдэв дор Сингапур улсад 2017 оны 11-р сарын 22-23-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганыг Азийн өрсөлдөх чадварын институт, Лаудэр институт болон Азийн хөгжлийн банкны институт хамтран зохион байгуулав. ЭЗБӨЧСТ-ийг төлөөлөн төвийн дэд захирал И.Одончимэг энэхүү чуулганд оролцов.
Чуулганд Ази тив төдийгүй дэлхий даяарх тинк-танкууд болон байгууллагууд оролцов. Чуулганыг Сингапур Улсын Ерөнхийлөгч хатагтай Халима Яакоб, Дэлхийн банкны төлөөлөл Фатума Түрэ Ибрахима, Азийн хөгжлийн банкны институтын захирал Наоюуки Ёшино болон Макинзэй Глобал институтын төлөөлөл нар нээн үг хэлэв.
Чуулганы хүрээнд 8 хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд онцолбол хэрхэн шийдвэр гаргагчид Азийн хүн капиталыг сайжруулж чадах вэ, Азийн ЖДҮ-н хувьд боломжтой шийдлүүд ба бүс нутгийн хувьд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх шинэ, тогтвортой санхүүжүүлэх стратегийн талаар хэлэлцсэн.
Тинк-Танкууд хэзээ хэзээнээс илүү чухал ач холбогдолтой болсоныг чуулганы үеэр их онцолж байлаа. Технологийн хурдацтай дэвшил, дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадвар болон маш их хэмжээний дата бий болж буй өнөө үед найдвартай шинжилгээ, судалгаа өндөр эрэлттэй болж байна.