2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Монгол Улс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д 63 орноос 62-рт эрэмбэлэгдлээ

2017 оны 6-р сар 13, Мягмар гариг

“Дэлхийн өрсөлдөх чадварын төв” (ДӨЧТ, IMD World Competitiveness Center)-ийн дэргэдэх “Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн” (ОУУХХ)-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2017”-д Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор (100 онооноос) 62-рт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жилийн тайланд нийт 61 улсаас 45.7 оноотой 60-рт эрэмбэлэгдсэж байсантай харьцуулахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсчээ.

Улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо “Эдийн засгийн тамир тэнхээ”, “Засаглалын үр ашиг”, “Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” болон “Дэд бүтэц” гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 346 шалгуур үзүүлэлтийг ашигладаг.

Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ болон үндсэн дөрвөн хүчин зүйлийн эрэмбэ

Монгол Улсын өрсөлдөх чадварын онооны хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй хэдий ч энэ жилийн тайланд Саудын Араб болон Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь Монгол Улсыг өнгөрсөн жилээс 2 байраар хойшилсон мэт харагдуулж байна.

Энэ жилийн тайланд Монгол Улсын хамт сүүлийн дөрөвт эрэмбэлэгдсэн Украин, Бразил, Венесуэл улсууд нь улс төрийн хувьд тогтворгүй, дотоод бослого үймээн ихээр гарах болсон мөн эдийн засгийн өсөлт нь саарсан улсууд байгаагаас харахад төрийн тогтвортой байдал нь улс орны өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болох нь харагдаж байна.

Өрсөлдөх чадвараараа дараах улсууд тэргүүлж байна.

Уг тайланд Хонг Конг 2 дахь жилдээ дараалан тэргүүн байрт эрэмбэлэгдэж, Швейцарь болон Сингапур улсууд удаалсан бол АНУ 2 дахь жилдээ дараалан байр ухарч 4-т эрэмбэлэгдлээ. Харин өнгөрсөн жил 8-т эрэмбэлэгдсэн Нидерланд улс 3 байраар урагшилж эхний тавт орлоо.

2017 оны тайланд манай урд хөрш БНХАУ нийт 7 байраар урагшилж 18-рт эрэмбэлэгдсэн бол хойд хөрш ОХУ 2 байраар ухарч 46-рт эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадвараараа тэргүүлж буй улсуудад бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн, хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлсэн мөн институцийн тогтолцоо нь хөгжсөн зэрэг нийтлэг шинж ажиглагдаж байв.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ-2017

Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс 1989 оноос эхлэн 28 дахь жилдээ энэхүү тайланг гаргаад байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагатай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Тайлангийн талаар мэдээлэл авах бол ОУУХХ-ийн цахим хуудсанд хандана уу: https://worldcompetitiveness.imd.org/countryprofile/MN

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан