2019, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018

2019 оны 1-р сар 23, Лхагва гариг


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр танилцуулж байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2018


2018 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгууд:

Хамгийн их ахиц гарсан аймгууд: Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай

Хамгийн их буурсан аймгууд: Булган, Архангай, Хөвсгөл

График-1: “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018” онооны өөрчлөлт, өмнөх онтой харьцуулахад


Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн онооноос харахад 21 аймгаас 17 аймгийнх нь оноо өнгөрсөн жилээс өссөн бол 4 аймгийн оноо буурсан байна. Харин дэд бүтэц бүлэгт 13 аймгийн оноо буурсан байна. Энэ нь эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаа хэдий ч дэд бүтцийн салбарт аймгуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хангалттай хийгдээгүй гэж хэлж болохоор байна.

График-2: Аймгуудын дундаж өөрчлөлт, өмнөх онтой харьцуулахад


Аймгуудын дундаж онооны хувьд өнгөрсөн жилийн тайланд дэд бүтцийн оноо сайжирч бусад гурван бүлгийн оноо буурч байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтцийн оноо буурч үлдсэн гурван бүлгийн оноо дунджаар өссөн байна.

Энэхүү тайланг гүйцэтгэхэд “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” болон “Азийн сан” жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Бид судалгааны мэдээллийг аймгуудын удирдлага, төр засгийн байгууллага, судлаачид болон олон нийтэд нээлттэй байлгах үүднээс www.aimagindex.mn цахим хуудсанд бүх мэдээллийг нээлттэй тавьдаг тул жил бүрийн өрсөлдөх чадварын хувьслыг дээрх хуудсанд зочлон харах боломжтой.

Мөн бид тайлангийн үр дүнг түгээх, судалгаанд суурилсан бодлого боловсруулах болон бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын чуулганг зохион байгуулдаг. Өнгөрсөн онд буюу 2018 оны 10-р сарын 26-нд “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018”-ыг Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулсан. Жил бүрийн чуулганы талаарх мэдээллийг мөн www.aimagindex.mn цахим хуудсанаас авах боломжтой.

Тайланг онлайнаар худалдаж авах: https://ecrc.mn/pci-2018-mgl/ 
Мөн та хэвлэмэлээр манай оффисоос эсвэл номын дэлгүүрүүдээс (удахгүй тавигдана) авч болно.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан