2024, 4-р сар 24, Лхагва гариг Шилэн данс

Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019

2019 оны 3-р сар 21, Пүрэв гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019” судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгааны нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг, ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, 9 дүүргийн Засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон судлаачдын төлөөлөл оролцов.

ЭЗБӨЧСТ нь дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн ба судалгааг хоёр жил тутамд боловсруулж дүүргүүдийн өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах зорилго тавьсан билээ. Ийнхүү бид хоёрдахь тайлангаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгээд байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулсан ба  дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашигласан.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах ба 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.557 оноотой үнэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна.

Өрсөлдөх чадварын индексийн өмнөх судалгаатай буюу 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулж харвал Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.520-оос 0.557 буюу 7.1 хувиар сайжирсан.  

Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч  үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй юм.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан