Монгол Улсад анх удаа 21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хувийн хэвшлийн үнэлгээнд үндэслэн судаллаа
Монгол Улсад авлига, түүний эрсдэл, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийн талаар олон төрлийн судалгаа, үнэлгээ хийгдэж ирсэн. Тухайлбал, Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийг олон улсын түвшинд харьцуулан үнэлдэг. Мөн Монгол Улсад бизнесийн орчин, төрийн үйлчилгээ, шударга байдал, авлигын талаарх иргэд, бизнес эрхлэгчдийн хандлагыг тодорхойлсон олон судалгаа хэрэгжиж ирсэн.
Гэвч эдгээр судалгааны дийлэнх нь авлигын нөхцөл байдал, иргэдийн ойлголт, шударга байдлыг улсын хэмжээнд авч үзсэн байдаг. Харин Монгол Улсын 21 аймгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хувийн хэвшлийн байгууллагуудын өнцгөөс, аймаг тус бүрээр нь тусгайлан үнэлсэн судалгаа өмнө нь хийгдээгүй байна.
Иймээс Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Олон улсын хувийн хэвшлийн төв (CIPE) байгууллагын дэмжлэгтэйгээр “Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл: Хувийн хэвшлийн үнэлгээ” судалгааг 2026 онд гүйцэтгэлээ. Тус судалгаа нь Монгол Улсын 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудын байр суурь, туршлагад үндэслэн орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийн түвшин, хэлбэр, шалтгаан болон бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг тодорхойлсон Монгол Улсад анх удаа хийгдсэн тусгайлсан судалгаа юм.
Энэхүү судалгаа нь ЭЗБӨЧСТ-ийн орон нутгийн түвшний судалгааны олон жилийн туршлагад тулгуурласан. Манай төв 2012 оноос хойш Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг жил бүр судалж ирсэн бөгөөд “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа”-ны хүрээнд авлигатай холбоотой үзүүлэлтүүдийг мөн тогтмол хэмжиж ирсэн. Харин энэ удаагийн судалгаагаар авлигын эрсдэлийг өрсөлдөх чадварын олон үзүүлэлтийн нэг хэсэг болгон бус, бие даасан судалгааны сэдэв болгон гүнзгийрүүлэн авч үзсэнээрээ онцлог юм.
Судалгааны гол үр дүн
Судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 204 аж ахуйн нэгж хамрагдаж, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс санал асуулга авсан бөгөөд тоон судалгааг экспертүүдийн ярилцлага болон хоёрдогч эх сурвалжийн шинжилгээгээр баяжуулсан. Үнэлгээг нийт 18 шалгуур үзүүлэлт ашиглан 1–5 оноогоор хэмжсэн. Үр дүнг тайлагнахдаа 0–100 онооны системд хөрвүүлсэн.
Судалгааны үр дүнд орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийн ерөнхий үнэлгээ 37.79 оноо гарсан нь дундаас доогуур түвшин бөгөөд авлигын эрсдэл бизнесийн үйл ажиллагаанд бодитой нөлөөлж байгааг харуулж байна. Бүсүүдийн хооронд 10 орчим онооны зөрүү, харин аймгуудын хооронд 34.79 онооны зөрүү ажиглагдсан нь орон нутгийн засаглал, төрийн үйлчилгээ, бодлогын хэрэгжилтийн чанар аймаг бүрд харилцан адилгүй байгааг харуулж байна.
Бүсийн түвшинд Төвийн бүс 44.83, Зүүн бүс 41.66, Хойд бүс 37.92, Баруун бүс 35.44, Говийн бүс 34.84, Хангайн бүс 34.77 оноогоор үнэлэгдсэн байна.
Судалгаагаар авлигын эрсдэлтэй хамгийн их холбогдож буй процессууд нь зөвшөөрөл, лиценз, газар олголт, хяналт шалгалт, төрийн худалдан авах ажиллагаа болохыг тогтоосон. Үүнээс гадна албан бус төлбөр, танил талын сүлжээ, шударга бус өрсөлдөөн нь орон нутгийн бизнесийн орчинд тулгамдсан асуудал хэвээр байгааг судалгаанд оролцогчид болон экспертүүд онцолсон.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа дах авлигын шалгуур үзүүлэлтүүдтэй хийсэн харьцуулалт
ЭЗБӨЧСТ-ийн хувьд энэхүү судалгааны нэг чухал ач холбогдол нь өмнө нь гүйцэтгэж ирсэн “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа” дах авлигын эрсдэлийг илэрхийлэх шалгуур үзүүлэлтүүдийн дундажтай харьцуулан шинжлэх боломж бүрдсэн явдал юм.
Тус төвийн Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд авлигатай холбоотой 8 шалгуур үзүүлэлт байдаг. Энэ удаагийн судалгаагаар дээрх 8 үзүүлэлтийн дундаж үнэлгээг “Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл: Хувийн хэвшлийн үнэлгээ” судалгааны 21 аймгийн үр дүнтэй харьцуулан шинжилсэн.

Харьцуулалтын үр дүнгээс харахад хоёр өөр эх сурвалж, өөр аргачлалаар хэмжигдсэн боловч 21 аймгийн авлигын эрсдэлийн ерөнхий дүр зураг харьцангуй өндөр нийцэлтэй байв. Өөрөөр хэлбэл, авлигын эрсдэлийн үнэлгээ харьцангуй таатай байгаа аймгуудын хувьд өрсөлдөх чадварын судалгаанд тусгагдсан авлигатай холбоотой үзүүлэлтүүд мөн харьцангуй сайн, харин эрсдэлийн үнэлгээ сул байгаа аймгуудын хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд мөн доогуур байх хандлага ажиглагдсан. Судалгааны тайланд энэ нь авлигын эрсдэл болон аймгийн өрсөлдөх чадварын хооронд тодорхой уялдаа байгааг харуулж байна гэж дүгнэсэн боловч бүх аймагт хамаарал ижил түвшинд илрээгүйг мөн тэмдэглэсэн.
Энэхүү харьцуулалт нь авлигын эрсдэл нь зөвхөн засаглалын асуудал бус, орон нутгийн бизнесийн орчин, эдийн засгийн идэвхжил, өрсөлдөх чадвартай холбоотой чухал хүчин зүйл болохыг илүү тодорхой харуулж байна.
Судалгааны үр дүнг Вашингтон ДС-д танилцууллаа
ЭЗБӨЧСТ-ийн судалгааны баг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Вашингтон ДС хотноо Олон улсын хувийн хэвшлийн төвөөс (CIPE) зохион байгуулсан “Эрсдэлээс уян хатан байдал руу: Ил тод, аюулгүй хөрөнгө оруулалтын экосистемийг бий болгох нь” сэдэвт олон улсын хуралд оролцож “Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл: Хувийн хэвшлийн үнэлгээ” судалгааны товч үр дүнг танилцуулсан.
Судалгааны тайлан
Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийн нөхцөл байдал, аймаг хоорондын ялгаа, авлига үүсэх эрсдэлтэй процессууд, хувийн хэвшлийн туршлага, экспертүүдийн үнэлгээ болон бодлогын зөвлөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн судалгааны тайлангаас хүлээн авна уу.
Орон нутгийн бизнесийн орчин дахь авлигын эрсдэл: Хувийн хэвшлийн үнэлгээ судалгааны тайланг бүрэн эхээр нь танилцах холбоос: Энд дарна уу.
Судалгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Center for International Private Enterprise (CIPE) байгууллагын дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн.
