Төвийн хамт олон АНУ-д зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээнд оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Өрсөлдөх чадварын төвийн баг 2026 оны 6 дугаар сарын 22–29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотод ажиллаж, Олон улсын хувийн хэвшлийн төв (CIPE)-өөс зохион байгуулсан “Эрсдэлээс уян хатан байдал руу: Ил тод, аюулгүй хөрөнгө оруулалтын экосистемийг бий болгох нь” сэдэвт олон улсын хуралд оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 24-ний өдөр Латин Америк, Африк, Азийн хараат бус судалгааны байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, ил тод, хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх, идэмхий капиталын эрсдэлийг тодорхойлох, бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, судалгааны үр дүнгээ харилцан хуваалцав. Өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Монгол Улсын орон нутгийн түвшин дэх авлигын эрсдэл” судалгааны товч дүнг танилцуулсан юм. Уг хэлэлцүүлэгт Перу, Нигери, Гана, Колумб улсын судлаачид болон АмЧам Монгол байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Түүнчлэн АНУ-ын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн зөвлөхүүдтэй уулзаж, Өрсөлдөх чадварын төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй судалгаа, бодлогын санаачилга, CIPE-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Энэ хүрээнд:
- Сенатор Дэйв МакКормикийн (Пенсильвани муж) Гадаад харилцааны зөвлөх Таеген Карпентер,
- Төлөөлөгч Дина Титусын (Невада муж) Хуулийн зөвлөх Колби Харриман,
- Төлөөлөгч Майкл Баумгартнерийн (Вашингтон муж) Хуулийн зөвлөх Жейн Скарборо,
- Төлөөлөгч Жорж Латимерийн (Нью-Йорк муж) Ахлах зөвлөх Роб Хоче нартай тус тус уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлж буй судалгаа, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих чиглэлээрх ажлаа танилцууллаа.
Энэхүү айлчлал нь олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол Улсад ил тод, хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчныг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, бодлогын үйл ажиллагааг олон улсын түвшинд сурталчлах чухал боломж боллоо.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан CIPE-ийн Хариуцлагатай хөрөнгө оруулалтын практикийн захирал Эрик Хонц, Хариуцлагатай хөрөнгө оруулалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Жессика Пенн болон нийт хамт олонд талархал илэрхийлье.















