Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026: Монгол Улс
Сингапур өрсөлдөх чадвараар тэргүүлэв
2026 оны өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улсууд айрагджээ.
Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д нийт 70 улсыг хамруулсан байна. Манай улс 2015 оноос хойш тогтмол эрэмбэлэгдэж ирлээ.
Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдав. Улс, үндэстний өрсөлдөх давуу тал нь сайн засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадвараас улам бүр хамаарч байгааг онцолжээ. Учир нь дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буй цаг үед хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадвартай, хуулийн засаглал сайтай улс орнууд илүү өрсөлдөх чадвартай гэж тооцогдох болов.
Судалгаанд нийт 341 үзүүлэлтийг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үздэг.
Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй 10 улс
| Улс орнууд | 2025 | 2026 | Өөрчлөлт | |
| 1 | Сингапур | 2 | 1 | +1 |
| 2 | Хонконг | 3 | 2 | +1 |
| 3 | Швейцар | 1 | 3 | −2 |
| 4 | Тайвань (Хятадын Тайпэй) | 6 | 4 | +2 |
| 5 | Арабын Нэгдсэн Эмират | 5 | 5 | — |
| 6 | Дани | 4 | 6 | −2 |
| 7 | Ирланд | 7 | 7 | — |
| 8 | Нидерланд | 10 | 8 | +2 |
| 9 | Швед | 8 | 9 | −1 |
| 10 | АНУ | 13 | 10 | +3 |
Сингапур бизнесийн үр ашиг үзүүлэлтээр долоон байр урагшилснаар Швейцарыг ардаа орхиж, дахин нэгдүгээр байрт бичигдлээ. Хонконг сүүлийн гурван жил дараалан ахиц гаргасаар хоёрдугаарт жагсжээ. Швейцар эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 24 байр ухарчээ.
Манай худалдааны гол түнш БНХАУ бизнесийн үр ашиг болон татварын бодлогын үзүүлэлтүүд сайжирсны үр дүнд 16-с 12 -р байр руу дэвшсэн байна.
Тус тайланд сүүл мушгисан таван улсад Ботсвана, Монгол Улс, Нигери, Намиби Венесуэл жагсав.
МОНГОЛ УЛС 67-РТ ЭРЭМБЭЛЭГДЭВ
2026 онд Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвт эрэмбэлэгдсэн байна.
Монгол Улсын өрсөлдөх чадварын хувьсал

Үндсэн 4 бүлгийн өөрчлөлт

Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59-рт эрэмбэлэгдсэн. Үүнд ДНБ-д эзлэх дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт үзүүлэлтээр 6, бараа бүтээгдэхүүний экспорт үзүүлэлтээр 13, оффисын түрээсийн үнэ үзүүлэлтээр 1-рт эрэмбэлэгдсэн нь эергээр нөлөөлсөн боловч экспорт нэг түншээс хэт хамааралтай байх үзүүлэлтээр 70, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар үзүүлэлтээр мөн 70, үйлчилгээний салбарын экспорт, инфляц үзүүлэлтүүдээр 64-39д эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ.
Засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад 2 байраар ухарч 63-д эрэмбэлэгдсэн. Үүнд институтийн тогтолцоо, бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежментийн сул байдал голлон нөлөөлжээ.
Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа 3 байраар урагшилж 62-д жагссан. Үүнд хөдөлмөрийн зардал бага, хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирсан нь нөлөөлжээ.
Дэд бүтэц өмнөх оны адилаар 66-д эрэмбэлэгдсэн бөгөөд технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байна.
Сайжирсан болон ухарсан үзүүлэлт
| ӨСӨЛТ | 2025 | 2026 | БУУРАЛТ | 2025 | 2026 | |
| 4.5.03 Төсвөөс боловсролд зарцуулсан, нэг сурагчид ногдох зардал | 745 | 2290 | 1.1.18 Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал -бодит өсөлт | 22.15 | -6.47 | |
| 4.1.07 Хүн амын өсөлт | 1.14 | 3.33 | 4.1.20 Аж үйлдвэрийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний үнэ | 0.051 | 0.078 | |
| 1.4.04 Ажил эрхлэлт – урт хугацааны өсөлт | -2.37 | 0.83 | 2.4.09 Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд | 2.72 | 1.7 | |
| 3.2.15 Ажиллах хүчний урт хугацааны өсөлт | 4.59 | 9.68 | 2.1.09 Тэтгэврийн сан | 2.83 | 1.91 | |
| 2.5.17 Хэвлэл мэдээллийн гажуудал | 0.813 | 1698 | 4.4.01 Эрүүл мэндийн салбарын нийт зардал | 8.9 | 6.1 | |
| 4.4.13 Ус цэвэрлэх байгууламж | 26.1 | 53.2 | 2.3.02 Капиталын өртөг | 3.71 | 2.67 | |
| 4.4.19 Ойн талбайн өсөлт | 0.0 | 0.0 | 4.2.15 Дэвшилт технологийн экспорт (%) | 30.81 | 22.54 | |
| 2.3.08 Валютын ханшийн тогтвортой байдал | 0.071 | 0.035 | 1.5.01 Хэрэглээний үнийн инфляц | 6.8 | 8.61 | |
| 2.4.03 Төрөөс зарлаж буй тендерүүд | 3.66 | 5.06 | 4.4.28 Бохирдлын асуудал | 3.21 | 2.39 | |
| 2.4.04 Гадаадын хөрөнгө оруулагчид | 4.21 | 5.64 | 4.1.15 Эрчим хүчний дэд бүтэц | 2.54 | 1.91 | |
| 1.4.10 Залуусын гадуурхалт | 14.6 | 9.9 | 1.4.09 Залуусын ажилгүйдэл | 11.6 | 14.39 | |
| 3.3.16 Зээл | 2.88 | 3.78 | 1.3.13 Бизнесийн шилжин суурьшилтын эрсдэл | 5.08 | 3.91 | |
| 4.5.09 Гадаадад мэргэжил эзэмшсэн оюутнуудын буцан ирэлт | 1.03 | 1.31 | 2.1.07 Төрийн санхүү | 2.67 | 2.06 | |
| 1.2.12 Үйлчилгээний экспорт (тэрбум ам.доллар) | 1.56 | 1.98 | 2.1.08 Татвараас зайлсхийх | 3.63 | 2.91 | |
| 4.5.08 Боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд | 49.4 | 62.3 | 1.1.19 Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар | 3.21 | 2.58 |
Гол эерэг өөрчлөлтүүдэд нэг сурагчид ногдох улсын боловсролын зардал 3 дахин өссөн, дээд боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь огцом өссөн зэрэг багтаж байна.
Харин үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын бодит өсөлт 22 хувиас −6.5 хувь болж буурсан, санхүүжилтийн өртөг (зээлийн хүү) нэмэгдсэн, мөн инфляц 6.8 хувиас 8.6 хувь болж өссөн үзүүлэлтүүд сөргөөр нөлөөлжээ.
Хамгийн сайн болон сул үзүүлэлт
| Сайн | Эрэмбэ | Сул | Эрэмбэ |
| Оффисын түрээс | 1 | Экспортын төвлөрөл (түнш орнуудаар) | 70 |
| Чөлөөт сонгуулиар байгуулагдсан засгийн газар | 1 | Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар | 70 |
| Ажилгүйдлийн түвшин – хүйсийн харьцаа | 3 | Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд | 70 |
| Хүнсний хаягдал | 4 | Чадварлаг удирдах ажилчид | 70 |
| Боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд | 4 | Мэргэшсэн ажилчид | 70 |
| Хүн амын өсөлт | 5 | Эрчим хүчний хэрэглээ | 70 |
| Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (%) | 5 | Нүүрс хүчлийн хийн ялгарлын нягтшил | 70 |
| Ажиллах хүчний урт хугацааны өсөлт | 6 | Чадварлаг инженерүүд | 70 |
Монгол Улсад тулгарч болох сорилтууд 2026 он
- Бодлогын тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байдал нь төрд итгэх итгэлийг сулруулах,
- Инфляц болон улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөгүүд нь улсын төсөв болон айл өрхийн амьжиргаа, худалдан авах чадварт дарамт учруулах,
- Ур чадвартай ажиллах хүчний хомсдол болон хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалан зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол үүсэх,
- Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол болон санхүүжилтийн хязгаарлагдмал боломжууд нь санхүүжилтийн эх үүсвэр, төрөлжилтийг хязгаарлах,
- Дэд бүтцийн хязгаарлагдмал хүрэлцээ, логистикийн бэрхшээл нь өртөг зардлыг нэмэгдүүлж, экспортыг боомилсноор эдийн засгийн тэлэлтийг саатуулах.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн Монгол Улс дахь албан ёсны түнш юм.
