2024, 4-р сар 18, Пүрэв гариг Шилэн данс

Эдийн засгийн чуулган өрсөлдөх чадварыг онцлов

2012 оны 3-р сар 09, Баасан гариг

“Хөгжилд хамтдаа” уриан дор гурав дахь жилдээ зохион байгуулагдсан Монголын Эдийн засгийн чуулганы үеэр эдийн засгийн өндөр өсөлтийг хөгжил болгон хувиргах, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юуг анхаарах тухай ярилцлаа. Тиймээс ч Эдийн засгийн хөгжил, Нийгмийн бодлого, Өрсөлдөх чадвар гэсэн гурван гол сэдвийг онцлон хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм.

Чуулганы хоёр дахь өдөр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан илтгэл тавьж, “Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайлан-2011”-ийг танилцуулав. Тэрбээр бодлого боловсруулагчдын дунд өрсөлдөх чадварын тухай ойлголт моодонд орж буйг сайшаагаад, гэхдээ энэ нь их өргөн ойлголт болохыг санууллаа.

Бид Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран “Монгол Улсын Өрсөлдөх Чадварын Тайлан”-г хоёр дахь жилдээ гүйцэтгэн хэвлүүлсэн билээ. Судалгааг Сингапур, Катар, Чили, Малайз, Казахстан, Тайланд, Солонгос, Болгар, Перу, Орос, Словак, Мексик, Словени, Украин гэсэн 14 оронтой харьцуулж хийсэн бөгөөд Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц гэсэн дөрвөн гол чиглэлээр дүгнэсэн юм.

“Хэмжиж болохгүй юмыг хянаж чадахгүй гэдэг” хэмээн П.Цагаан хэлээд, энэхүү тайлан гарснаар бид бусад оронтой харьцуулахад хаана яваагаа мэдэж, давуу тал хийгээд дутагдлуудаа хэмжих нөхцөл бүрдсэн тухай онцлов. Уг тайланг гүйцэтгэхдээ ашигласан аргачлал нь Монгол Улсыг 330 орчим үзүүлэлтээр задлан шинжилж, бусадтай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгдөг юм. “Хүнээр бол бид өөрсдийгөө урд хойноос нь авахуулсан зургаар биш, 330 орчим үзүүлэлтийг харуулсан рентген зургаар үнэлж байна гэсэн үг” гэж П.Цагаан тайлбарлав.

Өнгөц харахад Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүд өмнөх жилтэй харьцуулахад сайжирсныг тэрбээр мөн онцоллоо. Тухайлбал, өрсөлдөх чадварын ерөнхий оноо маань 2010 онд 24 байсан бол 2011 онд 28 болж өссөн байна. Гэвч 2010 онд Монголын ард жагсаж байсан Украин улс оноогоо 24-өөс 33 хүртэл огцом өсгөснөөс эрэмбийн хувьд бид нэг байраар ухарч, харьцуулж буй 15 орны дундаас сүүл мушгижээ. Өрсөлдөх чадвараар дээд үзүүлэлт буюу 100 оноог Сингапур улс авч, нэгдүгээр байрт жагссан байна. Энэхүү тайлангаас бид эдийн засгийн эрүүл мэнддээ үнэлэлт өгч болох юм. “Зүйрлэвээс, Сингапур 100 суниаж байхад Монгол 28 суниаж байна гэсэн үг” хэмээн П.Цагаан хэлэв.

Дашрамд дурдахад, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монголын эдийн засгийн форумтай үүсэн байгуулагдсан цагаас нь хамтран ажиллаж ирсэн билээ.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан