2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

“Хүлэмжийн хий ялгаруулагчид” чуулав

2012 оны 11-р сар 22, Пүрэв гариг

Хөгжиж буй орнуудын эдийн засаг хурдтай өсөж байгаатай холбоотойгоор сүүлийн 15 жилд нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх нь эрс нэмэгдэж, улмаар хүлэмжийн хийн ялгаралтыг ихэсгэх болов. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэхэд нөлөө үзүүлэх хандлагатай болсон нь дэлхий нийтийг түгшээж буй. Тиймээс НҮБ-аас “Хүлэмжийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах замаар уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх нь” сэдэвт төслийг Зүүн Европ, Азийн есөн орны дунд хэрэгжүүлсэн билээ. Тэдгээр нь хүлэмжийн хий ялгаруулах хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад, гуравдугаарт ордог Энэтхэг, Афганистан, Монгол Улс болоод хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украин, Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан юм.

Дээрх есөн орны төрийн болон судалгааны байгууллагуудын төлөөлөлд эрчим хүчний дэвшилт технологи нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчидтай санал солилцох боломж олгосон “Хүлэмжийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалт татах нь” сэдэвт чуулган энэ сарын 14-15-нд Казахстаны Алматы хотод болов. Энэхүү чуулганыг НҮБ-ын Европын эдийн засгийн комисс (UNECE), Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), Худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гүйцэтгэсэн тойм судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор зохион байгуулсан юм. Чуулганд оролцогчид судалгаанд хамрагдсан есөн орны эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцэж, цаашид энэ чиглэлд нэмэлт судалгаа хийх хэрэгцээ бий эсэх талаар санал солилцлоо.

Дээрх төслийн хүрээнд Монголын эрчим хүчний салбарын тойм судалгааг хийсэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн менежер И.Одончимэг чуулганд оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар илтгэл танилцуулав.

Судалгаанд хамрагдсан есөн орны зургаа нь нүүрсний нөөц арвинтай учраас хямд бөгөөд олдоцтой нүүрсийг эрчим хүчний гол эх үүсвэрээ болгосон “хүлэмжийн хий ялгаруулагчид” юм. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг түргэтгэж буйдаа хариуцлага хүлээх үүднээс сэргээгдэх эрчим хүч, цэвэр нүүрсний дэвшилт технологи нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлага байгааг оролцогч бүх орны төр засаг хүлээн зөвшөөрдөг ажээ. Гэвч энэ нь тийм амар бүтэх ажил биш билээ.

Хятад улс 2000-2005 таван жилийн төлөвлөгөөндөө SCPC, USCPC нүүрсний цэвэр технологийн генераторуудыг нэвтрүүлэх зорилго тавин эрчимтэй ажилласан бөгөөд энэхүү технологи нь 2010 он гэхэд Хятадын нүүрсний цахилгаан станцуудын 54 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын 38 хувийг эзлэх болсноор амжилтад хүрчээ. Одоогийн таван жилийн төлөвлөгөөнөөс үзэхэд шинээр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал суурилуулахад 444 тэрбум ам.доллар зарцуулахаар байна. Энэтхэгээс эдийн засгийн хэмжээгээр дөрөв дахин, гадаад валютын нөөцөөр 11 дахин том Хятадын хувьд ийм хэмжээний хөрөнгө оруулалт түвэггүй хийж чадна. Харин бусад орны хувьд шаардлагатай байгаа хүчин чадлаа нэмэгдүүлэх, ялангуяа цэвэр нүүрсний дэвшилт технологи нэвтрүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж чадах, эсэхээс хамаарч байгаа юм.

Судалгаанд хамрагдсан бүх оронд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн хууль, эрх зүйн орчин бүрдсэн байгаа ч эрчим хүчний салбар нь либералчлагдаагүй нь гол асуудал хэвээр үлджээ. Эрчим хүчний үнэ тарифыг төрөөс зохицуулдаг, төрийн монополь ноёрхдог бэрхшээл Монголоос бусад найман оронд ч бас бий аж. Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, улмаар дэвшилт технологи нэвтрүүлэхэд саад болж байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад, Энэтхэг, Украин болон Казахстаны эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд нэлээд алдагдалтай ажилласан бол Узбекистаны үнэ тариф түлш, үйл ажиллагааны зардлаа ч нөхөж чаддаггүйг судалгаанаас харж болох нь.

Чуулганд оролцогчид мөн эрчим хүчний салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагаа, хүлэмжийн хий бага ялгаруулах технологи, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд түүнийг хэрхэн нэвтрүүлэх зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл, танилцуулга сонсож, санал солилцсон байна.

 

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан