2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

​Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017 “Бодлогын уялдаа-Байгальд ээлтэй бүс” уриан дор амжилттай зохион байгуулагдав

2017 оны 10-р сар 16, Даваа гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Конрад-Аденауэр-Сан”8 Хөвсгөл аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ хамтран “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган чуулган 2017”-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2017 оны 10-р сарын 12-13-ны хооронд зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Хангайн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор зэрэг зургаан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцсоноос гадна Улаанбаатар хотоос ЗГХЭГ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ, Азийн сан, Монголын аялал жуулчлалын холбоо, болон бизнесийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Чуулганы хүрээнд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо-Бүсчилсэн хөгжил”, “Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн ЖДҮ-ийг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь” зэрэг үндсэн дөрвөн хэлэлцүүлэг өрнүүлсэн бол чуулганы хоёр дахь өдөр “Хангайн бүсийн хамтын ажиллагаа, цаашдын алхам” хэлэлцүүлгээр оролцогч аймгууд салбарын бодлогыг бүсийн хэмжээнд хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсоноор чуулган өндөрлөв.

Чуулганд оролцогчид бүс нутгийн хамтын ажиллагаа дэд бүтцээр холбогдохоос эхэлнэ гэдгийг онцлоод босоо тэнхлэгийн дагуу Хангайн бүсийн аймгууд холбогдох нь эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэхээс гадна хүн амын шилжилт хөдөлгөөний эхлэл болохыг онцолж байв.

Мөн чуулганы үеэр Хангайн бүсийн бизнес эрхлэгчид цуглан Мөрөн хот дахь Чингүнжавын талбайд “Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдаанд оролцов.

ЭЗБӨЧСТ “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг 2014 онд зохион байгуулснаас хойш “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2015”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016”-г Дундговь аймгийн Мандалговь хотод тус тус зохион байгуулсан билээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын талаарх мэдээллийг www.aimagindex.mn цахим хуудаснаас авах боломжтойгоос гадна “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017” арга хэмжээний хэлэлцүүлгийн илтгэлүүд болон зургын цомгийг дээрх цахим хуудсанд нийтэлсэн болно.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан