2017, 6-р сар 23, Баасан гариг Шилэн данс

Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадвар

Бид судалгааны хүрээгээ өргөжүүлж нийслэл хотын буюу дүүргүүдийн өрсөлдөх чадварыг судлах санаачилга гаргасан нь биелэлээ олсонд баяртай байна. Бид Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны судалгааны тайланг хийгээд байна.

2015 оны сататистик мэдээгээр Монгол улсын нийт хүн амын 68 хувь нь хот суурин газарт, үүнээс 46 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Олон улсын түвшинд нийт хүн амын 50-иас дээш хувийг хотын хүн ам эзэлж байвал хотжилт өндөртэй гэж үздэг. Монгол Улс бусад улсуудтай харьцуулахад хотжилтын түвшингээрээ харьцангуй өндөр байна. Нийт нутаг дэвсгэрийн ердөө 0,3 хувийг эзлэх нийслэл хотын хүн амын тоо жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байгаа бөгөөд цаашид ч энэ өсөлт төдийлөн саарахааргүй байна.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдрал, хөгжлийн гол цөм болоод байна. Монгол улсын нийт ДНБ-ий 62 хувь нь Улаанбаатар хотод бүтээгдэж байна.

Улаанбаатар хот бол манай улсын хөгжлийг аль ч талаас нь толины тусгал мэт ил тод харуулах нүүр царай мөн. Иймээс Улаанбаатар хотыг иргэд оршин суугчдаа дээдэлсэн, тэдний амьдрах эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг хангасан хот болгох нь туйлын зорилго юм.

Нийслэл хотын хөгжил нь түүнийг бүрдүүлж буй дүүрэг хороодын хөгжлөөс шууд хамаарна. Нөгөөтэйгүүр иргэдийн дуу хоолой, оролцоо, хамтын ажиллагаа нь аливаа хөгжлийг урт хугацаанд үргэлжлүүлэх хамгийн том баталгаа, эх үүсвэр нь болж өгдөг. Иймээс нийслэл хотын, тэр дундаа дүүргүүдийн хөгжлийн түвшинг оновчтойгоор тодорхойлж, иргэдийн дуу хоолойг тусгасан мэдээллийн санг бүрдүүлж цаашдын өсөн нэмэгдэж буй хотжилтыг хэрхэн зөв бодлогоор хангах талаар судалгаа хийгдэх шаардлагатай байгаа юм.

Энэ үүднээс Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Улаанбаатар хот, дүүргүүдийн өрсөлдөх чадварыг цогцоор нь үнэлсэн судалгаа хийгээд байна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг үнэлж, өрсөлдөх чадварын индексийг тооцсоноор амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн 5 үндсэн бүлгийн хүрээнд 150 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг та манай сайтаар дамжуулан уншихаар эсвэл татаж авахаар худалдан авах боломжтой. Мөн хэвлэмэл байдлаар манай төв дээрээс эсвэл номын дэлгүүрүүдээс авах боломжтой.

Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдлыг судалгаа

Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдлыг судалгаа