2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

“УЛААНБААТАР ХОТЫН ДҮҮРГҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН АНХНЫ ТАЙЛАН” бэлэн боллоо.

2017 оны 4-р сар 13, Пүрэв гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг цогц байдлаар судалсаар ирсэн билээ. Бид 2010 оноос “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”, 2012 оноос “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г тус тус жил бүр гаргаж ирсэн. Харин энэ удаад судалгааны хүрээгээ өргөжүүлж “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-г Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгээд байна.

Тус судалгаа нь нийслэл хот болон дүүргүүдийн хөгжлийн түвшинг цогц байдлаар үнэлсэн анхны бүрэн хэмжээний судалгааны тайлан болсноороо онцлогтой.

Судалгааны зорилго

Судалгааны үндсэн зорилго нь Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, өрсөлдөх чадварын давуу, сул талууд, түүнийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүдийг гаргаж ирэхэд оршино.

Судалгааны үр дүнд үндэслэн дүүрэг, нийслэлийн удирдлагуудыг бодитой мэдээллээр хангах, дүүрэг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд ашиглахуйц иргэдийн оролцоог хангасан, өргөн цар хүрээтэй мэдээллийн санг бий болгоход судалгааны зорилго хамаарна.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжих нь

Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмжсэн.


Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг дүүргүүдийн албан ёсны статистик мэдээлэл болон өрхийн асуулгын мэдээллээр цуглуулсан.

Судалгааны ерөнхий үр дүнгээс

Шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцсон. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авах утгын дарааллаар дүүргүүдийг эрэмбэлсэн. Энд индексийн утга 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно.


Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна өрсөлдөх чадварын 5 бүлгийн индексүүд, Улаанбаатар хот болон дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлууд зэргийг харах боломжтой. Мөн өрсөлдөх чадварын индекс тооцоход ашигласан 150 шалгуур үзүүлэлтийг Улаанбаатар хот болон дүүргүүдээр нарийвчлан харж болно.

Судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхдээ биш харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэсэн. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан