2020, 10-р сар 30, Баасан гариг Шилэн данс

НҮҮРС ҮҮ, САЛХИ УУ?

2012 оны 2-р сар 07, Мягмар гариг

Монголын эдийн засгийн чуулганыг угтан “Ногоон шийдэл: Нүүрс үү, салхи уу?” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу хөтөлсөн бөгөөд Жорж Вашингтоны их сургуулийн төгсөгч, судлаач Х.Батсуурь салхины эрчим хүчний талаар, МУИС-ийн ХХИС-ийн Хими технологийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Батцэнгэл нүүрсний технологийн талаар илтгэл тавьж, “Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан Салхитын салхин цахилгаан станцын талаар танилцуулга хийв.

“Монголын хувьд эрчим хүчнийхээ дийлэнх хэсгийг нүүрснээс гаргаж авах нь тодорхой” хэмээн ШУА-ийн академич Г.Пүрэвдорж хүлээн зөвшөөрсөн боловч “Гэвч байгаль орчинд эерэг гэдэг утгаар нь бид сэргээгдэх эрчим хүчний салбараа дэмжиж, хөгжүүлэх бодлоготой байх ёстой” хэмээсэн юм.

2005 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт 2020 он гэхэд нийт эрчим хүчний 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авна гэсэн зорилт тавьсан байгаа. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсан. Энэ хүрээнд 100,000 Нарны гэрэл хөтөлбөрийг хэрэгжүүлж, Дөргөөн, Тайширын усан цахилгаан станцыг барьсан зэрэг барим тавим үр дүн бий. Гэвч өнөөг хүртэл сэргээгдэх эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт орж ирээгүйг хэн ч хүлээн зөвшөөрөх биз ээ.

Эдүгээ хувийн хэвшлийн санаачилгаар Монголд хэрэгжиж байгаа ногоон эрчим хүчний анхны томоохон ажил гэвэл “Ньюком”-ын охин компани болох “Клин Энержи”-гийн хэрэгжүүлж буй Салхитын салхин цахилгаан станц юм. Төв аймгийн Салхит ууланд байрлах 50 МВт-ын хүчин чадалтай энэхүү салхин цахилгаан станц энэ оны арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох бөгөөд Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдож, Монголын нийт эрчим хүчний хэрэглээний таван хувийг хангаж чадах юм. Гэхдээ хувийн хэвшлийнхэн эрчим хүчний салбарт ажиллахдаа олон бэрхшээлтэй тулгарч буй.

Тухайлбал, “Ньюком” компани “Женерал Электрик”-ээс 31 салхин турбин авч байгаа бөгөөд нэг турбин нь 240 тонн, суурь нь 1000 тоннын жинтэй аж. Гэтэл дэд бүтцийн асуудлаас болж тоног төхөөрөмжийн тээвэрлэлт том асуудал үүсгэж байгаа юм билээ. “Замын-Үдээс Чойр хүрэх автозамын ажил дуусаагүй байгаа учир тэдгээр хүнд турбиныг зөөхөд хэцүү байгаа” хэмээн Б.Бямбасайхан тайлбарлав. “Үнэхээр энэ бол бэрх даваа. Бид Ухаа-Худагийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийг хоёр жилийн турш шороон замаар зөөсөн” хэмээн “MCS-Интернэйшнл” компанийн Дулаан хангамжийн эксперт Д.Самдан дэмжив. Түүнээс гадна эрчим хүчний салбар нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд түүнийгээ нөхөж авах хугацаа нь удаан байдаг онцлогтой. Гэтэл төрөөс үнийг барьж, хяналт тавьдаг нь хөрөнгө оруулагчдыг үргээх бас нэг шалтгаан болдог.

2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэг кВт/цаг эрчим хүчийг 8.5-9.5 центээр борлуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд “Ньюком” компани  11 жил хүлээх шаардлагатай болж байгаа юм. Гэтэл энэ хугацаанд инфляц, валютын ханш хэрхэн хэлбэлзэхийг хуульд огтхон ч тусгаагүй байх жишээтэй. Тиймээс ногоон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахын тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, борлуулах үнийг өсгөх нь зүйтэй гэсэн санал ч хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гарч байлаа. Харин Б.Бямбасайхан “Энэ хууль батлагдсанаар л хөрөнгө оруулах нөхцөл бүрдсэн. Мэдээж борлуулах үнэ 9.5 биш, тухайлбал, 15 цент байвал хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү ихээр татах байх. Гэхдээ бид богино хугацааны ашиг харсан юм биш. Одоо бол салхин цахилгаан станцаа ашиглалтад оруулахыг л зорьж байна” гэлээ.

Ямартай ч хувийн хэвшлийнхэн сүүлийн үед эрчим хүчний салбарт хүч түрэн орж ирж буй. Өнгөрсөн онд MCS-ийн инженер, мэргэжилтнүүд Ухаа-Худагийн цахилгаан станцыг бүтээн босгосон бол энэ онд “Ньюком”-ын салхин цахилгаан станц манай эрчим хүчний салбар дахь томоохон бүтээн байгуулалт болохоор байна. Ийнхүү хувийн хэвшлийнхэн санаачилгатай байж, инноваци нэвтрүүлэхдээ байгальд ээлтэй, өндөр чанартай тоног төхөөрөмж сонгож байгаа нь эрчим хүчний салбарт өнгө нэмж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлж байгаа хэрэг билээ.

УХАА-ХУДАГ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

Монгол инженерүүдийн бие даан барьсан анхны ДЦС

Технологи: Хуурай хөргөлтийн систем ашигладаг, хөргөлтийн ус шаарддаггүй учраас бусад станцаас найм дахин бага ус зарцуулдаг. Мөн турбинаас гарч байгаа уурыг шууд агаараар хөргөх, үнсийг хуурайгаар зайлуулах зэргээр усны хэрэглээг багасгадаг. ХБНГУ-ын “ABB”, “Siemens” зэрэг фирмийн технологи, төхөөрөмжийг ашиглаж байна. Станцын зуух нь нүүрсийг нам температурт шатаадаг бөгөөд дутуу шатсан нүүрсээ дахин ашигладаг учраас үнсэнд агуулагдах хорт бодисын хэмжээ маш бага. Мөн утааг цахилгаан шүүлтүүрээр дамжуулан цэвэрлэж, үнслэгийн хэмжээг 99.6 хувиар бууруулдаг.

Хүчин чадал: Тус бүр нь зургаан МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гурван турбин, нийт 18 МВт-ын хүчин чадалтай. Одоогоор жилдээ 72.2 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 73600 тонн нүүрс хэрэглэж байна.

Хөрөнгө оруулалт: Ойролцоогоор 45 сая ам.доллар.

САЛХИТЫН САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ

Монголын анхны салхин цахилгаан станц

Технологи: Салхит уулын салхины нөөцийн болон эрчим хүчний анхдагч тооцоог АНУ-ын “Global Energy Concepts” компанитай хамтран гүйцэтгэсэн. Мөн “Женерал Электрик” компанитай хамтран ажиллаж, GE 1.6-82.5 загварын 31 ширхэг салхин цахилгаан үүсгүүр суурилуулахаар болсон. Уг салхин цахилгаан станц нь жилдээ хүлэмжийн хийн ялгарлыг 150 мянган тонноор багасгаж, 1.2 сая тонн цэвэр ус, 120 мянган тонн нүүрс хэмнэх тооцоо гарчээ.

Хүчин чадал: Тус бүр 1.5 МВт-ын 31 ширхэг турбин буюу нийт 50 МВт-ын хүчин чадалтай. Жилдээ 160 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.

Хөрөнгө оруулалт: 115 сая ам.доллар буюу 165 тэрбум төгрөг.

 

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан