2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

Монгол Улс Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд ордог боллоо

2015 оны 7-р сар 09, Пүрэв гариг


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 5 дахь жилдээ боловсруулан гаргадаг “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр танилцуулав.

ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан нээж үг хэлэхдээ: “2010 онд анх үүсгэн байгуулагдсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг тасралтгүй 5 жил боловсруулж, эдүгээ 5 жилийн ой болж байна. “Өрсөлдөх чадвар” хэмээх ойлголтыг Монгол Улсад түгээгч анхдагч судалгааны байгууллагуудын нэг гэвэл хилсдэхгүй байх. Хамгийн гол нь өрсөлдөх чадварыг олон улсын аргачлалын дагуу цогцоор нь үнэлж гаргадаг болсныг онцлон тэмдэглээд судалгааны байгууллагын (тинк танк) хөгжилд өдийг хүртэл хөрөнгө оруулалт хийж ирсэн төвийн үүсгэн байгуулагч гишүүд, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.
Бид жил бүр Швейцарьт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн 14 улстай харьцуулан судалдаг байсан бол энэ жилээс Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 61 орны өрсөлдөх чадварыг харьцуулж гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015”-д Монгол Улс анх удаагаа багтсныг онцлон тэмдэглүүштэй юм.

Судалгааны үр дүнгээс сонирхуулахад:

14 улстай харьцуулан судалдаг “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”-д: Монгол Улсыг Болгар, Чили, Казахстан, БНСУ, Малайз, Мексик, Перу, Катар, ОХУ, Сингапур, Словак, Словени, Тайланд, Украин зэрэг улсуудтай эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн нийт 338 үзүүлэлтээр харьцуулан судалснаас Сингапур, Малайз, Катар зэрэг улсууд өрсөлдөх чадвар хамгийн өндөр харин Словени, Болгар, Монгол улсууд сүүл мушгиж байна. Доорх графикаас харна уу.


Өрсөлдөх чадварын эрэмбийн хувьд тайланг гаргаж эхэлсэн цагаас эхлэн Сингапур улс тэргүүллээ 5 жилийн хугацаанд хадгалж байна. Монгол Улсын хувьд эхний жил болох 2010 онд Украин улсын өмнө 14 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2011 оноос эхлэн сүүлийн 4 жилийн хугацаанд 15 дугаар байрт буюу сүүл мушгиж байна. Өрсөлдөх чадварыг нийт 100 оноогоор дүгнэдэг. Анх 2010 онд МУ-ын оноо 23.9 байсан бол 2011 онд 27.8, 2012 онд 39.3, 2013 онд 62.3 болж 2010 оноос бараг 3 дахин өссөн. Энэ нь манай улсын өрсөлдөх чадвар сайжирч байгааг харуулж байгаа юм. Харин 2014 оны хувьд өрсөлдөх чадварын оноо 44.5 болж буурсан.
Учир нь энэ жилээс эхлэн Монгол Улс дэлхийн 61 улсыг харьцуулсан “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2015”-д хамрагда байгаатай холбоотой. Өмнөх жилүүдэд хамгийн эхэнд буй Сингапур улсын оноог 100 гэж тооцоод бусад улсуудад тархаадаг байсан бол энэ жилээс эхлэн АНУ-ын оноог 100 (АНУ 61 улсыг харьцуулсан тайланг тэргүүлж, удаах байруудад Швейцарь, Сингапур улсууд орсон ) гэж тооцсон.

Уг тайланд Монгол Улс 61 орноос 57 дугаарт (Хорват, Аргентин, Украин, Венесуэл улсуудын өмнө) эрэмбэлэгдсэн. Хэдийгээр ийнхүү хойгуур эрэмбэлэгдэж байгаа ч энэхүү тайланд орж байгаа нь том амжилт юм. Дээр дурдсан өрсөлдөх чадварыг хэмждэг дөрвөн хүчин зүйлийн хувьд өнгөрсөн жилээс эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлт 1 байраар ахиж 14 дүгээрт, засаглалын үр ашиг үзүүлэлт 2 байраар ахиж 13 дугаарт эрэмбэлэгдсэн бол бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа үзүүлэлт 1 байраар ухарч 13 дугаарт, харин дэд бүтэц үзүүлэлт 14 дүгээрт эрэмбэлэгдсэн хэвэндээ байна. Онооны хувьд өнгөрсөн жилүүдээс хэрхэн өөрчлөгдсөнийг доорх графикаас харна уу.

Эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлт 11-48, засаглалын үр ашиг 29-52, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа үзүүлэлт 20-54, дэд бүтэц үзүүлэлт 10-44 оноотой болж тус тус өссөн байна.

Монгол Улсын давуу болон сул талууд:
ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

Бусад хүчин зүйлсийн давуу болон сул талын үзүүлэлтүүдийг тайлангаас дэлгэрэнгүй харах боломжтой.
Цаашид...
Монгол Улс үндсэн дэд бүтцээ сайжруулах нь өрсөлдөх чадварт хамгийн эерэгээр нөлөөлөх нь харагдаж байна. Үүнд: Усны нөөц сайн боловч ус түгээх дэд бүтэц муу, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж, замын чанар, тээвэр хангамжийн менежмент, эрчим хүчний дэд бүтцээр хамгийн сүүлд байгаа бол агаарын тээвэр, төмөр замын хөгжлөөр Словак улсын өмнө 14 дүгээрт байна. Мөн баялагийн тэгш хуваарилалт, Засгийн газрын өр болон төсвийн алдагдлыг тэнцвэржүүлэх, экспортын нэг зах зээлээс (БНХАУ) болон нэг салбараас хэт хамааралтай байдлыг өөрчлөх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр бидэнд өрсөлдөх чадвараа хурдан сайжруулах боломж бүрдэнэ. Тайлангаас та бүхэн Монгол Улсын өрсөлдөх давуу тал болон засч залруулах шаардлагатай сул талуудыг, мөн өнгөрсөн жилээс хамгийн ихээр өөрчлөгдсөн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харах боломжтой.

“ Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” дахь улс орнуудын эрэмбэ




МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан