Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Иргэний үнэмлэхийн зөрчилтэй иргэдийн судалгааг гүйцэтгэж байна.
Азийн сан нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газартай хамтран Хотын засаглалыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотын сонгогдсон 7 хороонд иргэний үнэмлэх шинээр авах, сунгах, дахин авах үйлчилгээг 2018 оны 7 дугаар сараас нэвтрүүлсэн. Зөвхөн дүүрэг дээрээс авах боломжтой эдгээр үйлчилгээг хороод руу шилжүүлснээр Улаанбаатар хотын иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үр дүнтэй алхам болсон юм.
Энэхүү төслийн хүрээнд ЭЗБӨЧСТ нь Азийн сантай хамтран зорилтот бүлгийн иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаарх бодлого тодорхойлоход холбогдох төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Судалгааны хүрээнд Азийн сангаас эмзэг бүлгийн 280 иргэнд иргэний үнэмлэх олгох ажилд дэмжлэг үзүүлсэн юм. Энэ хүрээнд, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны 55 иргэд иргэний үнэмлэхээ гардан авлаа.