2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

“Жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын санхүүжилт" хэлэлцүүлэг зохион байгуулав.

2022 оны 11-р сар 18, Баасан гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-нд Green Economy Coalition, Европын холбооны санхүүжилтээр "Жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын санхүүжилт" хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн Үндэсний зохицуулагч М.Сүхрагчаа “Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”, ТоС холбооны Бодлого, хамтын ажиллагааны ахлах менежер Э.Нандин-Эрдэнэ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын таксономи”, Хаан банкны Ногоон зээлийн төслийн зээлийн ахлах менежер Б.Сувд “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн, хамрагдах боломж”, “Бурамхан” брэндийн үүсгэн байгуулагч А.Солонго “Бизнес шинээр үүсгэн байгуулахад даван туулах санхүүгийн бэрхшээлүүд”, ЭЗБӨЧСТ-ийн Судлаач Э.Тунгалаг “Жендэрийн статистик мэдээлэл бүрдүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, мэдээлэл өгөв. 

Мөн БОАЖЯ, Монголбанк, ТоС холбоо, Хаан банк, ХХБ-ны төлөөлөл оролцон “Монгол Улсад жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын санхүүжилтыг өргөжүүлэх боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Дэлхийн даяар уур амьсгалын өөрчлөлт асар хурдтай явагдаж байна. Дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад энэ зууны эцэс гэхэд 3.70C хэмээр дулаарах, далайн түвшин 63 см-ээр нэмэгдэх дундаж тооцоо гараад байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад улс орон бүрийн хувь нэмэр чухал. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, дасан зохицох чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь үүнээс үүдэх эдийн засгийн хохирлын хэмжээг бууруулах, хүртээмжтэй хөгжилд хүрэхэд туйлын чухал юм.

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч эхэлсэн ч бодит алхам хангалттай бус, үр дүнг илүү сайжруулах шаардлагатай хэвээр байна. Хувийн хэвшил, арилжааны банкуудын санаачлагаар тогтвортой санхүүжилтийн санаачлагууд бий болж, ногоон санхүүжилтын боломжууд бий болсон ч ногоон зээлийн хэмжээ нь нийт зээлийн ердөө 2 орчим хувийг бүрдүүлж байна.

Ногоон, тогтвортой бизнесийн орчинг сайжруулах, ногоон бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын механизм бий болгох замаар ногоон санхүүжилтийг дорвитой нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр төрийн байгууллагуудын бодлогын уялдаа холбоог сайжруулах, ногоон тэргүүлэх салбараа тодорхойлох, тогтвортой хөгжлийн төлөвлөлтийг илүү нарийсгах, ногоон хөгжилд ээлтэй татварын орчин бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авах боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлт, жендэрийн тэгш байдал нь дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал бөгөөд тус тусад нь шийдвэрлэхээс илүү аль алийг нь хамааруулан, цогцоор нь шийдвэрлэх асуудал юм. Монгол Улс цаашид ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ жендэрийн тэгш байдлыг давхар анхаарч, энэ чиглэлийн нарийвчилсан статистик мэдээллүүдийг бүрдүүлж, бодит өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлага бий.

Арга хэмжээний шууд дамжуулалтын бичлэгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан