2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Ерөнхий сайдад зөвлөмж бичгээ гардуулав

2012 оны 9-р сар 14, Баасан гариг

Хувийн хэвшлийнхний тодорхойлсон 10 шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг багтаасан “Өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах замын зураглал”-ыг 9 дүгээр сарын 13-нд Төрийн ордонд болсон “Шинэчлэлийн төлөө түншлэл” форумын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулж өглөө. “Засгийн газар шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд Та бүхний санал маш их хэрэгтэй. Бидний ажлыг хөнгөвчилж өгч буй Та бүхэнд баярлалаа” хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн онцлов.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Азийн хөгжлийн банктай хамтран “Шинэчлэлийн төлөө түншлэл” форумыг зохион байгуулсан юм. “Шинэчлэлийг хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоогүйгээр хэрэгжүүлж чадахгүй. Энэ бол бидний хамтын бүтээл байх ёстой. Тиймээс энэ форумын нэр нь хүртэл бэлгэ дэмбэрэлтэй” хэмээн Монгол Улсын Сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүлэхдээ онцоллоо.

Гүржийн Бодлого, менежментийн зөвлөх группийн ТУЗ-ийн дарга, тус улсын Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алекси Алексишвили форумын үеэр шинэчлэлийг хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцав. Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй” судалгааны “Бизнес эрхлэлтийг хялбаршуулсан байдал”-ын шалгуур үзүүлэлтээр Гүрж улс 2006 онд 112-р байр эзэлж байсан бол 2012 онд 16-д орсон билээ.

Монгол Улс Гүржийн адил шинэчлэл хийж, амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэхээр зорьж буйгаа, энэ тал дээр Гүржээс суралцах зүйл их байгааг засгийн эрх баригчид онцолж байв. “Бидэнд хөрөнгө оруулалт татах байгалийн баялаг байхгүй. Тиймээс бидний хувьд эдийн засаг, бизнесийн орчноо нээлттэй байлгах л ганц боломж байсан” хэмээн Алекси Алексишвили хэлээд, “Улс бүр өөрийн гэсэн онцлогтой. Монгол Улсад ямар шинэчлэл, юу хэрэгтэйг Та бүхэн л хамгийн сайн мэдэж байгаа” гэлээ.

Үнэхээр Монгол Улсын өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг юу сайжруулахыг манай хувийн хэвшлийнхэн хамгийн сайн мэдэж буй. Тиймээс ч бид бизнес эрхлэгчдийн дунд санал асуулга явуулж, бизнес эрхлэгчид, төр засгийн төлөөлөл оролцсон хоёр удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Үүний үр дүнд өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах тус бүр таван шинэчлэлийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан юм. Ийнхүү судалгааны үндэслэлтэйгээр боловсруулсан зөвлөмжүүдийн талаар “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал М.Болд, “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар форумын үеэр танилцуулав.

“Шинэчлэл бол монголчуудын хамтын ажил. Их ажлыг хамтдаа нугалцгаая” хэмээн Монгол Улсын Сайд Ч.Сайханбилэг тэмдэглээд, шинэчлэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсэгт орж ажиллахыг бизнес эрхлэгчдээс хүслээ.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан