2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

“ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ТАЙЛАН 2018” ГАРЛАА

2018 оны 11-р сар 20, Мягмар гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 5 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан 2018”-д Швейцарь улс тэргүүлэв. Тус судалгааны тайланд ААН, байгууллагууд тогтвортой хугацаанд авьяас ур чадварыг татах, урт хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон үзүүлэлтүүдийг харах боломжтой.


2018 оны тайлангаас авч үзвэл Баруун Европын улс орнууд эхний 10-т эрэмбэлэгджээ. Харин Европын холбооны гишүүн бус Канад улс эхний 10-т багтсан байна. Судалгааны тайлангаас үзвэл Швейцарь улс 1-рт, Дани улс 2-рт орсон бол 3-рт Норвеги, 4 болон 5-рт Австри, Нидерланд улсууд тус тус жагсжээ. Норвеги улс өнгөрсөн жилээс нэг байр урагшилж боловсролд зарцуулж буй зардлын хэмжээ, авьяас ур чадварын бэлэн байдлаа нэмэгдүүлсэн байна. Канад 6-рт, Финланд 7-рт, Швед 8-д, Люксенбург 9-рт, Герман 10-рт тус тус эрэмбэлэгджээ. Харин Словак 59-рт, Колумб 60-рт, Мексик 61-рт, Монгол Улс 62-рт, Венесуэл 63-рт эрэмбэлэгджээ.


Бидний хамтрагч байгууллага болох Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Артуро Брис хэлэхдээ: “ Бид 2014 оноос хойш дэлхийн улс орнууд мэргэжлийн ур чадвартай ажиллах хүчинг хэрхэн татан ажиллуулж байгааг тус тайланд гаргах болсон. Ур чадвартай, боловсролтой ажиллах хүчинг бэлтгэх нь өрсөлдөх чадварыг дээшлүүлж, урт хугацааны хөгжил дэвшилд хөтлөх чухал үүрэгтэй. Ялангуяа хиймэл оюун ухаан, робот, бусад шинэ технологиуд нь дэлхийн улс орнуудад шинэ сорилт дагуулах төлөвтэй.” “Энэ жилийн тайланд боловсролын салбарт хөрөнгө их хаядаг, амьдралын чанар сайтай, дундаж эдийн засагтай Европын улсууд тэргүүлснийг Артуро Брис дүгнэж хэлжээ.”

Тус тайланд нийт 63 улсын үнэлгээг 3 үндсэн хүчин зүйл: Хөрөнгө оруулалтын хөгжил, ур чадварыг татах, Мэргэжилтэн, ажиллах хүчинг ажилуулах нээлттэй байдал зэргээр үнэлэн гаргадаг. Эдгээр үзүүлэлтүүд нь ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөцөөр, аль улс нь чадвартай ажиллах хүчинг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүд дэлгэрэнгүй багтсан болно.

Статистик мэдээлэл болон Удирдах ажилтны санал асуулгад тулгуурлан эрэмбийг тооцон гаргасан бөгөөд сүүлийн зургаа гаруй жилийн хугацаанд 63 улсын 6000 гаруй санал асуулгыг санал асуулгыг хэрэглэжээ.

Монгол улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 62-рт эрэмбэлэгдэж, хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 57-рт, Ур чадварыг татах үзүүлэлтээр 62-рт, мэргэжилтэн ажиллах хүчинг ажилуулах нээлттэй байдлаар 55-рт жагсжээ. Монгол Улс Ерөнхий үнэлгээгээр 2015 оноос хойш 2 жил дараалан сүүл мушгив. Хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлд харьцангуй сайн эрэмбэлэгдсэн үзүүлэлтүүдээс дурдвал Боловсрол зарцуулж буй нийт зардал (ДНБ-д эзлэх хувиар) 5.1 хувь буюу 26-рт, Эмэгтэй ажиллах хүчин (Нийт ажиллах хүчинд эзлэх хувиар) 47% буюу 18-рт эрэмбэлэгдсэн бол жилийн жилд эрэмбээр доошилж буй Нэг багшид ногдох сурагчийн харьцаагаар (бага ангийн сурагч багшийн харьцаа) 59-рт, Эрүүл мэндийн дэд бүтцээр (нийгмийн хэрэгцээнд хангалттай хүрч үйлчилдэг) 2.2 хувь буюу 60-рт сүүл байранд орсон байна. Түүнчлэн мэргэшсэн ажиллах хүчинг ажиллуулах нээлттэй байдлын хувьд их сургуулиудын боловсролын түвшин эдийн засагт өрсөлдөх чадвар багатай буюу 62-рт, мэргэшсэн ажиллах хүчний нээлттэй байдал 3.2 үнэлгээгээр 59-рт тус тус эрэмбэлэгджээ.

Баруун Европ тэргүүлж, Зүүн Европ хоцорч, Хойд Америк сайжирчээ

Энэ жилийн хувьд Швецайрь улс дэлхийн хэмжээнд авьяас ур чадварыг татах гол зангилаа төв болсныг дахин батлав. Хөрөнгө оруулалт, хөгжлийн үзүүлэлтээр 4-рт, Ур чадварыг татах, бэлэн байдлаар 1-рт эрэмбэлэгджээ. Мөн Европын зарим улсууд эхний 25-рт эрэмбэлэгдсэн бөгөөд Белги 11-рт, Кипр 15-рт, Португал 17-рт, Ирланд 21-рт, Их Британи 23-рт, Франц 25-рт тус тус орсон байна.

Эрэмбээс харахад Зүүн Европын Эстони 28-рт, Словени 30-рт, Латви 33-рт доогуур байр эзэлсан байна. Жишээлбэл, гаднаас мэргэшсэн ур чадвартай ажилчдыг татах, дотооддоо авьяас ур чадвартай мэргэшсэн иргэдээ авч үлдэх зэрэг үзүүлэлтээр Словак улс 59-рт, Болгар 57-рт, Румын 56-рт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Харин Канад улс өнгөрсөн жил 11-р байраас урагшлан 6-рт эрэмблэгдсэн нь авьяас ур чадварыг татахад сайжруулсан нь нөлөөлжээ. АНУ 12-т буюу өнгөрсөн жилийнхээс үзүүлэлтээ ахиулсан нь үндсэн 3 хүчин зүйлс дээр ахиц гаргаснаас улбаатай байна.

Ази номхон далайн бүсийн улс орнуудаас Сингапур, Хонконг тэргүүлж байна

Сингапур (13-рт), Хонконг (18-рт), Малайз (22-рт) авьяас ур чадварын өрсөлдөх чадварын тайланд өнгөрсөн жилээс эрэмбээ ахиулсан байна. Сингапур, Хонгконг олон улсын авьяас ур чадварыг татах тал дээр анхаарч ажилласан бол Малайз мэргэшсэн ажиллах хүчинг хөгжүүлэх, боловсролын салбарт хөрөнгө оруулахад анхаарч ажиллажээ.

Тайвань 27-рт буюу авьяас ур чадвартай мэргэжилтэнг татах, тогтоон барих дээр тэргүүлсэн бол Япон 29-рт буюу мэргэшсэн чадварлаг ажиллах хүчинтэй, боловсролын системийн үр нөлөө сайн байсан бол Өмнөд Солонгос 33-рт буюу төрөөс боловсролд зарцуулах зардлаа нэмэгдүүлж, ажлын байрны дагалдан сургалт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ.

БНХАУ 39-рт орсон нь эдийн засгийн чадавхитай бусад улсуудаас доогуур хэвээр буюу боловсролын салбарт төрийн зардлын түвшинтэй хосолсон гадны ур чадвартай ажилчдыг татахад бэрхшээлтэй байдагтай холбоотой. Казахстан болон Тайланд улсууд ерөнхий үнэлгээний хагаст 40, 42-рт орсон нь дотоодын авьяас ур чадвартай ажиллагсдын нээлттэй байдал дутмаг байгаатай холбоотой.

Номхон далайн бүс нутагт, Австрали 14-рт, Шинэ Зеланд 20-рт, эрэмбэлэгдсэн нь авьяас ур чадвартай мэргэжилтнүүдийн гол зангилаа төв болсонтой холбоотой. Мөн чадварлаг ажиллах хүчинг татах, хүмүүст олгох нээлттэй боломжийг бүрдүүлж гадны мэргэжилтнүүдэд ая тухтай амьдрах боломжийг санал болгож буйтай холбоотой.

Латин Америкийн тэмцэл

Латин Америкийн дийлэнх улсууд ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ. Ялангуяа авьяас ур чадвартай ажилтан авч үлдэх, хөгжүүлэхэд хүндрэлтэй тулгарч байна. Боловсролд зарцуулж буй хөрөнгө оруулалт хамгийн муу, дотоодын ажиллах хүчин нь улсаасаа дайжиж өөр улс руу явж байгаа зэрэг нь Венесуэл 63-рт, Мексик 61-рт, Колумб 60-рт, Бразил 58-рт ороход нөлөөлжээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөө эрхлэн гаргадаг тус тайлангийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл https://www.imd.org/wcc/world-competitiveness-cent... линкээр зочилно уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан