2019, 12-р сар 07, Бямба гариг Шилэн данс

Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайланд Монгол улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдэж сүүл мушгив

2019 оны 11-р сар 18, Даваа гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс эрхлэн гаргаж буй “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан 2019”-д Швейцарь улс тэргүүлэв. Тус судалгааны тайлангаас ААН, байгууллагууд тогтвортой хугацаанд авьяас ур чадварыг татах, урт хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон үзүүлэлтүүдийг харах боломжтой. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан, Өрсөлдөх чадварын тайлан, Дижитал өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсын мэдээллүүдийг бэлтгэн явуулдаг билээ.

2019 оны тайланд Баруун Европын улс орнууд эхний 9-т эрэмбэлэгджээ. Харин Ази тивийн Сингапур улс 10-р эрэмбэлэгдсэн байна. Эхний байранд эрэмбэлэгдсэн улс орнуудын хувьд Швейцарь улс 1-рт, Дани улс 2-рт, Швед 3-рт, 4 болон 5-рт Австри, Люксенбург, Норвеги 6-рт, Исланд 7-рт, Финланд 8-д, Нидерланд 9-рт, Сингапур 10-рт тус тус эрэмбэлэгджээ. Харин Энэтхэг 59-рт, Мексик 60-рт, Бразил 61-рт,  Венесуэл 62-рт, харин Монгол Улс 63-рт эрэмбэлэгджээ.

Уг тайланд нийт 63 улсын үнэлгээг 3 үндсэн хүчин зүйл: 1) Хөрөнгө оруулалтын хөгжил, 2) Ур чадварыг татах, 3) Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал зэргээр үнэлэн гаргадаг. Эдгээр үзүүлэлтүүд нь ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөцөөр, аль улс нь чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүд дэлгэрэнгүй багтсан болно.

Монгол улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, Ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлаар 63-рт жагсжээ.

Хэдий ерөнхий үзүүлэлтээр ганцхан байрны хойно харагдах боловч ерөнхий болон үндсэн гурван шалгуур үзүүлэлтүүдийн хувиар илэрхийлсэн тоон утга багасжээ.

Хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлд харьцангуй сайн эрэмбэлэгдсэн үзүүлэлтүүдээс дурдвал Боловсрол зарцуулж буй нийт зардал (ДНБ-д эзлэх хувиар) 4.4 хувь буюу 35-рт, Эмэгтэй ажиллах хүчин (Нийт ажиллах хүчинд эзлэх хувиар) 45.54% буюу 33-рт эрэмбэлэгдсэн бол Нэг багшид ногдох сурагчийн харьцаагаар (бага ангийн сурагч багшийн харьцаа) 61-рт, Эрүүл мэндийн дэд бүтцээр (нийгмийн хэрэгцээнд хангалттай хүрч үйлчилдэг) 2.15 хувь буюу 60-рт эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн мэргэшсэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлын хувьд их сургуулиудын боловсролын түвшин эдийн засагт өрсөлдөх чадвар багатай буюу 63-рт, мэргэшсэн ажиллах хүчний нээлттэй байдал 2.57 үнэлгээгээр 62-рт тус тус эрэмбэлэгджээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөө эрхлэн гаргадаг тус тайлангийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл https://www.imd.org линкээр зочилно уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан