2022, 12-р сар 02, Баасан гариг Шилэн данс

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2022

2022 оны 10-р сар 12, Лхагва гариг

Дэлхийн өрсөлдөх чадварын төв (ДӨЧТ) нь “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2022”-г эрхлэн гаргалаа. Тус тайланд нийт 63 улс багтсан бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс Монгол Улсын мэдээллийг нэгтгэн гаргадаг, албан ёсны түнш байгууллагаар ажилладаг билээ.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нь засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улс, орнууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг. Манай орны хувьд дижитал өрсөлдөх чадвар ямар байгааг судалгааны үр дүнгээс харцгаая

Судалгааны аргачлал:

Тус судалгааг дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлт, 9 дэд хүчин зүйлс, нийтдээ 52 үзүүлэлтээр тооцжээ. 52 үзүүлэлтээс 32 нь статистик судалгаанд суурилдаг бол үлдсэн 20 үзүүлэлт нь санал асуулгаас бүрддэг.

Онцлох үр дүн

Тайлангийн үр дүнгээс харахад дижитал өрсөлдөх чадварын индексээр Дани улс 100 оноотойгоор 1-рт эрэмбэлэгдсэн бол өмнөх жилүүдэд нэгт эрэмбэлэгдээд байсан АНУ 1 функтаар буурч 2-рт эрэмбэлэгдсэн байна. Швед улс өмнөх байраа хадгалан 3 дугаарт, Сингафур нэг 1 функт өсөн 4-т, удаах байруудад Швейцар, Нидерланд улсууд 1 функтаар өсөн эрэмбэлэгдэж Финланд өмнөх тайланд 13-рт эрэмбэлэгдэж байсан бол энэ жилийн тайланд 4 функт өсөн 7-рт эрэмбэлэгдсэн байна. Өнгөрсөн 2021 оны тайланд Хонгконг улс 2 функтаар өсөн 2-рт эрэмбэлэгдэж байсан бол энэ жилийн тайланд 7 функтаар бууран 9-рт эрэмбэлэгдсэн байна. Канад улс 3 функтаар өсөн 10-рт эрэмбэлэгдсэнээр дижитал өрсөлдөх чадвараараа дэлхийг тэргүүлж байгаа 10 улсыг бүрдүүлж байна.

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвар

Монгол Улсын дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилийн эрэмбээ хадгалан 64 орноос 62-д эрэмбэлэгдэж байна. 2022 онд Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2021 онд 40,69 байсан энэ онд 45.25 болж 4,56 оноогоор өсчээ.

Үндсэн 3 шалгуур үзүүлэлтээр нь харвал Монгол Улс мэдлэг гэсэн бүлгээр өнгөрсөн жил 58-т эрэмбэлэгдсэн энэ жил 61-т буюу 3 функтаар буусан  бол технологиор 1 байр дээш эрэмбэлэгдэж ирээдүйд бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр өмнөх жилийнхээ эрэмбийг хадгалсан байна.

Монгол Улсын Дижитал өрсөлдөх чадвар - дэд бүлгүүдээр

Дижитал өрсөлдөх чадварын дэд бүлгүүдийн эрэмбэд “Ухаалаг утас эзэмшигчдийн тоо”, “Харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт” гэсэн дэд бүлгүүд хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн бол “Кибер аюулгүй байдал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” “Оюуны өмчийн эрх зүйн орчин” зэрэг дэд бүлгүүд хойгуур эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 9 дэд бүлгээс хууль эрх зүйн орчин, дасан зохицох чадвар гэсэн 2 дэд бүлгээс бусад бүлгүүд буурсан дүнтэй байна.

Өнгөрсөн жилүүдийн судалгаануудад ч тэр харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалт, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо эмэгтэй судлаачдын тоо, ажилчдаа сургалтанд хамруулах, боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд гэсэн үзүүлэлтүүдээрээ манай улс дээгүүр жагссан байна. 2022 оны тайланд ч мөн адил эдгээр үзүүлэлтүүдээр хамгийн дээгүүр жагссан байна. Харин дижитал өрсөлдөх чадварын онооны бууралтад технологийн хэрэглэгдэхүүн, хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, олон улсын туршлага, оюуны өмчийн зохицуулалт, судалгаа шинжилгээнд зарцуулсан хөрөнгө төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг үзүүлэлтүүдээрээ ахиц дэвшил гаргахгүй зогсонг байгаа нь нөлөөлсөн байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан