2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Валютын зах зээл

2012 оны 1-р сар 10, Мягмар гариг

Валютын зах зээл

Дэлхий даяар асар хурдтай даяаршиж олон улс хооронд чөлөөтэй харилцах болсоноор улс хоорондын арилжаанд олон янзын саад бэрхшээл тохиолдож байна. Энэ харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг механизм бол валютын зах зээл. Дэлхийн эдийн засагт нүүрлсэн томоохон хямарлууд нь валютын зах зээлээс үүдэн гарч байсан. Тухайлбал 1994 оны Латин Америкийн хямрал, 1997 оны Зүүн Азийн хямрал зэргийг дурдаж болох юм.

Монгол Улсын валютын систем 2000 оноос хөвөгч системд шилжсэн гэдэг ч Монголбанкнаас үе үе валютын хүчтэй интервенц хийдгээс харахад хөвөгч системтэй гэсэн нэр төдий зүйл болж хувирсан уу гэлтэй. Эндээс манай төв банкны зорилго үйл ажиллагаа нь уялддаггүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Энэ нөхцөл байдлыг хувийн хэвшлийнхэн юу гэж үзэж байна вэ гэвэл “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан-2010”-т валютын ханш нь бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг дэмжиж байна уу гэсэн асуултад 10 онооноос ердөө 2.82 оноо өгч харьцуулсан 15 орноос сүүл мушгижээ. Төв банкны энэ зорилго, үйл ажиллагааны уялдаагүй байдал нь 2009 оны хямралд нөлөөлсөн гэж үзэх судлаачид ч цөөнгүй.

2009 оны хямарлаас хойш төгрөг Америк долларын эсрэг тасралтгүй чангарсаар албан ханш 2011 оны 8 сард 1248 хүрсэн. Тэгвэл сүүлийн 2 сар долларын үнэ ялимгүй өсөж 1297-оод хүрээд байгаатай зэрэгцээд олон нийтийн дунд доллар үнэд орох нь гэсэн цуу яриа гарчээ. Үүнийг шалгаж үзэхийн тулд валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг товч авч үзье.

Урсгал тэнцэл: Манай улсын нийт экспортлосон бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээнд хүлээж авсан нийт валют болон гадаадаас импортлосон нийт бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд шилжүүлсэн валютын зөрүүгээр хэмжигддэг уг үзүүлэлт өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын алдагдалтай гарч өссөөр байна. Энэ алдагдал нь импортын бараа, бүтээгдэхүүний огцом өсөлттэй холбоотой юм. Энэ тохиолдолд доллар Монголд ховордож үнэд орох ёстой. Нөгөө талаасаа  өнгөрсөн 2 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсөж байна. Энэ тохиолдолд долларын нийлүүлэлт ихсэж доллар үнэгүйдэх учиртай. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалт болон импортын бүтэцийг задалж үзвэл дийлэнх хувь нь уул уурхайн салбарт зориулсан хөрөнгө оруулалт, энэ чиглэлийн тоног төхөөрөмжийн импорт эзэлж байна. Ийм учраас эдгээр нөлөөлөл нь валютын ханшинд хүчтэй нөлөөлж чадахгүй байна.

Инфляци: Инфляци нь төгрөгийн дотоод үнэ цэнийг илэрхийлдэг бол валютын ханш нь гадаад энэ үнэ цэнийг илэрхийлдэг. Энэ хоёрыг нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Тиймээс инфляцийн тогтворгүй байдал нь валютын ханшны хэлбэлзэлд шууд нөлөөлж байдаг. 2012 оны төсвийн зардлаас ирэх жилийн инфляцийн хүлээлт ихээхэн хамаарахаар байна. Хэрвээ одоогийн төслөөрөө батлагдвал ирэх онд инфляци нэг оронтой тоонд барих боломжгүй гэсэн мэдэгдлийг Монголбанкнаас хийж байсан. Инфляци ирэх жилд өндөр хэвээрбайвал Монгол  төгрөг гадаад зах зээлд үнэгүйдэх нэг томоохон хүчин зүйл болох юм.

Зээлийн хүү: Дотоодын хэт өндөр хүү нь гадны хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын илүү өгөөжийг хүртэх боломж болдог. Ингэснээр долларын нийлүүлэлт ихсэж доллар үнэгүйдэх магадлалтай. Гэвч дотоодын эдийн засгийн тогтворгүй байдал, ялангуяа хэт өндөр инфляци нь гадны хөрөнгө оруулалтад шууд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ч манай улс харьцангуй өндөр хүүтэй ч уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалтыг төдийлөн татаж чадахгүй байна. Мөн зээлийн хүү нь инфляциас хүчтэй хамаардаг. Учир нь өндөр инфляцтай үед хүмүүс банкинд мөнгөө хадгалуулснаас үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг илүү найдвартай хэрэгслүүдийг илүүд үздэг бөгөөд энэ тохиолдолд банкууд эх үүсвэр татахын тулд инфляциас давсан хадгаламжийн хүүг санал болгохоос өөр аргагүйд хүрнэ. Нэгэнт өндөр хүүгээр эх үүсвэрээ татсан учир зээлийн хүү мөн өндөр тогтоно. Иймд зээлийн хүүгээс хамааралтай валютын ханшны хэлбэлзэл бага гэж үзэж болохоор байна.

Дэлхийн эдийн засаг: Манайх шиг экспортын цөөн төрлийн бүтээгдэхүүнтэй, импортоос хэт хараат жижиг эдийн засагтай улс дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өөрчлөлтад дотоод валютын ханш маш мэдрэмтгий байдаг. Тухайлбал 2008 оны сүүлч, 2009 оны эхээр манай экспортын гол бүтээгдэхүүн зэсийн үнэ 9000-3000 ам.доллар/тонн болж унахад доллар албан бус захад 1700 төгрөг хүрч байсан. Тиймээс манай экспортын гол түүхий эдүүд болох, зэс, нүүрс, алтны дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээлс ихээхэн хамаарахаар байна.

Дүгнэлт: Манай улсын валютын ханш хөвөгч системтэй буюу төгрөгийн гадаад валюттай харьцах үнэ гадаад валютын эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байдаг. Доорх зургаас харвал манай улсын ам.долларын нийлүүлэлтэд улирлын нөлөөлөл ажиглагддагийг харж болно. Тухайлбал экспортын гол бүтээгдэхүүний нэг болох ноолуурын экспорт эхэлдэг хаврын улирлаас эхлээд аялал жуулчлалын улирал дуустал ам.долларын нийлүүлэлт нэмэгдэж ам.доллар үнэгүйтдэг байна. Харин аялал жуулчлалаас орж ирдэг ам.доллар 10 сараас эхлэн хумигдаж эхэлдэг. Мөн хэрэглээний ихэнхи бараа, таваараа импортоор бэлтгэдэг майнай улс өвлийн бэлтгэл, шинэ жил, цагаан сар гэх мэт гол гол зардлуудаа 11сараас 2 сар хүртэл хийдэг нь энэ үеээр доллар үнэд ороход нөлөөлдөг байна.

Энэ жил энэ мөчлөг харьцангуй эрт эхэлсэн нь Монголд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниуд олноор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын ноогдол ашгийн хувиарлалт зэрэг гадагшаа урсах долларын урсгалтай холбон тайлбарлаж болох юм.

Энэ бүгдээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн бага хэмжээний хэлбэлзэл нь гадаад валютын эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаж байна. Манай улсын хувьд бага зэргийн улирлын нөлөөлөл ажиглагдаж байна. Харин томоохон хэмжээний хэлбэлзлүүд нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнийн хэлбэлзэл, төв банкны уялдаагүй бодлого зэргээс ихээхэн хамаарч байна. Ирэх онд инфляцийн түвшинг 1 оронтой тоонд барьж чадвал, мөн экспортын гол бүтээгдэхүүний үнэ хүчтэй хэлбэлзээгүй тохиолдолд уул уурхайн салбарын экспортын хүлээгдэж буй өсөлт, уул уурхайн салбарт чиглэсэн валютын ихээхэн урсгалын нөлөөгөөр төгрөг ам.долларын эсрэг үнэд орох магадлал өндөр байна. Харин одоогийн энэ төгрөгийн үнэгүйдэлт нь түр зуурын, улирлын шинжтэй үнэгүйдэлт гэж үзэж байна.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан