2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

"Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2020"-ийг танилцуулж байна

2021 оны 3-р сар 31, Лхагва гариг

2020 онд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн 10 жилийн ой тохиосон билээ. Энэ 10 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг харьцуулан үнэлж цогц байдлаар тодорхойлсон тайланг 9 дэхь жилдээ бэлтгэн танилцуулж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлсон байдаг тул бодлого боловсруулагчдын хувьд аймгуудын өнөөгийн хөгжлийн түвшин, нөхцөл байдал, анхаарбал зохих асуудлыг бодитоор харж, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн илүү үр ашигтай шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр, гарын авлага байх юм. 

Онцлох нь

2020 оны Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 7-р сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгдээс 2020 оны 9-р сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан гүйцэтгэлээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ

Тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг өмнөх оны адил тэргүүлсэн хэвээр байна. Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь аймгууд 2, 3, 4-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварын өөрчлөлт

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 5 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг бүлгийн оноо өссөн байна. Монгол Улсын 21 аймгийн 7 аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулж, 13 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан байна.

Оноо сайжирсан аймгууд:

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Говьсүмбэр
  • Өвөрхангай
  • Сэлэнгэ
  • Увс
  • Ховд

Оноо буурсан аймгууд:

  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Дархан-Уул
  • Дорноговь
  • Дорнод
  • Дундговь
  • Завхан
  • Өмнөговь
  • Сүхбаатар
  • Төв
  • Хөвсгөл
  • Хэнтий

Баруун бүсийн Ховд, Увс аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол тус бүсийн Говь-Алтай, Завхан аймгууд болон Төв аймгийн оноо хамгийн их буурав. Ховд, Увс аймгуудын өрсөлдөх чадвар сайжрахад бизнесийн үр ашиг, дэд бүтэц сайжирсан нь илүүтэйгээр нөлөөлөв. Завхан аймгийн дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд, Төв аймгийн засаглал, технологийн дэд бүтцийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн засаглал, эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Холбоо барих:

Утас: 321927, 88082841
И-мэйл: info@ecrc.mn, odonchimeg@ecrc.mn, mungunjiguur.b@ecrc.mn
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Ursulduhchadvar

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан