2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016” хэвлэгдэн гарлаа

2017 оны 5-р сар 14, Ням гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г 2012 оноос эхлэн 5 дахь жилдээ гарган, тайлангийн үр дүнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд тайланг гаргахад хамтран ажилласан Азийн сан болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн төлөөллүүд оролцлоо.


Тайлангаас дараах зүйлсийг харах боломжтой.

Давуу болон сул тал:

Аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан харах.

Өсөлт болон бууралт:

Аймаг тус бүр сүүлийн жилүүдэд ямар үзүүлэлтүүд буурсан болон өссөн гэдгийг хэмжихийн тулд аймгуудын өрсөлдөх чадварын тайлан жил бүр тогтмол гардгаас гадна өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг.

Энэ жилийн тайлангаас харахад:

Сүүлийн 5 жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байна. Энэ жилийн тайланд ч мөн Орхон аймаг тэргүүлсээр байгаа бол удаах эрэмбэд Өмнөговь, Дархан-Уул аймгууд орлоо. Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд эрэмбэлэгдлээ. Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байв. Судалгааг хийж эхэлсэн 2012 онд Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Дундговь аймаг 27 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэж байсан бол энэ жил Говь-Алтай аймаг 47 оноотойгоор сүүлд эрэмбэлэгдэв.

Өрсөлдөх чадварын онооны хувьсал хамгийн их байгаа аймгууд:

Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байв. Дорноговь аймгийн хувьд засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн хувьд эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь илүүтэйгээр нөлөөлөв. Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Дашрамд хэлэхэд аймгуудын өрсөлдөх чадварыг тодорхойлоход ашигласан 180 гаруй үзүүлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.aimagindex.mn вебсайтаас харах боломжтойг дуулгахад таатай байна.

Бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл:

Судалгааг гүйцэтгэх явцдаа нээлттэй хэлбэрээр авсан “Аймгийн хөгжил, өрсөлдөх чадвар, бизнесийн орчинг сайжруулахад тулгамдаж буй асуудал, төрийн зүгээс анхаарвал зохих 5 гол үйл ажиллагааг нэрлэнэ үү?” гэсэн асуултад хариулсан нийт 21 аймгийн бизнес эрхлэгчдийн дунд доорх дөрвөн хариулт хамгийн их давхардаж байв.

  • Бизнес эрхлэгчдийг татвар болон зээлийн бодлогоор дэмжих
  • Банкуудын зээлийн хүүг бууруулах
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах

Эцэст нь энэхүү тайланг ашиглан аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бусад аймгуудтай хамтран ажиллах шинэ гарц, сэдлийг олон өөрсдийн амжилт бүтээлд ахиц гаргана хэмээн итгэж байна.

Та энэхүү аймгуудын өрсөлдөх чадварын тайлан болон манай төвийн бусад тайлангуудыг эндээс худалдан авах боломжтой.





МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан