2024, 5-р сар 17, Баасан гариг Шилэн данс

Монгол улсын өрсөлдөх чадварыг тодорхойлно

2010 оны 11-р сар 09, Мягмар гариг

Ерөнхийлөгчийн санаачилгаар манай улсад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв байгуулагдсан билээ. Манай улсын өрсөлдөх чадварыг гадаадын байгууллагууд судалж ийм байдалтай байна хэмээн зарладгаас биш Монголчууд өөрсдөө дүн шинжилгээ ч хийж байсангүй. Өөрөөр хэлбэл, ийм цогц судалгаа хийх төв ч байгаагүй гэхэд хилсдэхгүй. Харин саяхан үүдээ нээсэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Швейцарьт байрладаг, дэлхийд алдартай, Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай уулзав.

Ийм судалгааны төвтэй болохын давуу тал нь юу вэ?

Монгол улсын өрсөлдөх чадварын талаар Дэлхийн банк болон олон улсын байгууллага дүгнэлт гаргадаг. Эдгээр байгууллагууд янз бүрийн аргачлалаар судалгаа хийдэг учраас дүгнэлт нь харилцан адилгүй. Манай улсын төрийн байгууллагад чадалтай боловсон хүчин цөөнгүй байгаа ч судалгаа хийхдээ хэтэрхий явцуурч тухайн яам, Засгийн газрын байр суурийг хамгаалдаг нь ажиглагддаг. Ер нь ардчилал хөгжсөн орнуудад иргэний оролцоо , хяналтыг чухалчилж, хөндлөнгийн мэргэжлийн шинжээч, судлаачдын хийсэн судалгааг илүү бодитой гэж үздэг. Манай улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 шахам жил болж байгаа ч монголчууд өөрсдөө өрсөлдөх чадварын талаар цогц судалгаа хийж байгаагүй. Тиймээс улс төрөөс хараат бус мэргэжлийн ийм судалгааны төв байгуулж олон улсын аргачлал, хэмжүүрээр төрийн бодлого, үр дүнд судалгаа хийх юм.

Жилийн хугацаанд судалгаа хийж Монгол улсын өрсөлдөх чадвар гэсэн тайланг гаргах гэж байгаа гэл үү?Тийм ээ. Манай төв нь Дэлхий өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран ажиллана. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв нь судалгаагаа дан ганц санал асуулгаар явуулдаггүйгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, судалгааныхаа 70 хувийг бодит статистик тоо баримтыг түшиглэн дүн шинжилгээ хийж 30 хувьд нь санал асуулга явуулж нэгтгэн гаргадаг. Энэ аргачлалаараа Дэлхийн банкнаас гаргадаг судалгаанаас ялгардаг. Олон улсын аргачлалаар судалгаа явуулдаг энэ төвийнхний тусламж дэмжлэгтэйгээр Монгол улсын өрсөлдөх чадварын тайланг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ төвөөс мэргэжилтэн, судлаачид ирж судалгаа хийнэ гэсэн үг үү? 

Эхний ээлжинд Швейцариас мэргэжилтнүүд ирсэн байгаа. Эдгээр мэргэжлийн хүмүүс туслаад Монгол улсын өрсөлдөх чадварын тайланг гаргана. Бидэнтэй хамтран ажиллахаар болсон судалгааны энэ төв нь 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, нэр хүндтэй байгууллага. Дээр хэлсэн аргачлалаар дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй 50 оронд судалгаа хийж өгсөн юм билээ. Бид энэ мэргэжилтэнүүдээс суралцах хэрэгтэй. Мөн Монголын их, дээд сургуулиудтай холбоо харилцаа тогтоож байна. Судлаачдыг сургаж авна.

Өрсөлдөх чадварыг ямар үзүүлэлтээр тодорхойлдог вэ?

Төрийн бодлого боловсруулах чадвар, хууль эрх зүйн орчин ямар байна, дэд бүтэц нь хэр хөгжсөн гээд нийгмийн бүхий л үйл явцад цогцоор нь судалгаа хийнэ. Тодруулж хэлбэл, 300 гаруй үзүүлэлтийн дагуу дүн шинжилгээ хйисэн гэсэн үг. Монгол улсын бүхий л асуудлыг цогцоор нь суплан хаана нь сул тал байна гэдгийг олж илрүүлэх зорилготой. Жишээлбэл, санхүүгийн бүртгэл сайтай байгууллага бол яагаад мөнгө алдаад байгаагаа тооцоо хийгээд оношийг хурдан тогтоогоод гаргаад ирнэ. Харин урсгалаараа явдаг байгууллага мөнгө алдаж байгаагаа мэдэхгүй. Хий дэмий л бааахан мөнгө цацаад л байдаг үр дүнгүй байх жишээний. Тиймээс дэлхийн улс орнууд өрсөлдөх чадварын судалгааг хийлгэж алдаа, оноо нь хаана байна, ямар зүйл дээр анхаарах, яаж эдийн засгийн бодлогоо тодорхойлох вэ гэдгийг чухалчилж үздэг болсон. Бидний хийхээр төлөвлөн ажиллаж байгаа судалгаа нь улс орныхоо хөгжилд ч дэм болно гэдэгт итгэл дүүрэн байна.

/Өдрийн сонин/


МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан