2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016-Нэг говь, нэг зорилго болов

2016 оны 11-р сар 11, Баасан гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, Дундговь аймгийн засаг даргын тамгын газар, Монголын эдийн засгийн форум, Монголын бизнесийн зөвлөл болон МҮХАҮТ хамтран Дундговь аймгийн Мандалговь хотод “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг 11 сарын 3,4-нд зохион байгууллаа. Чуулганд Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, ИТХ, төрийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.

“Нэг говь, нэг зорилго” уриан дор зохион байгуулагдсан энэхүү чуулганаар говийн бүсийн аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл болон нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд гурван аймгийн засаг дарга тус бүр өөрсдийн аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав. Мөн чуулганы үеэр гурван аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон үзэсгэлэн худалдаа болон МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдав.

ЭЗБӨЧСТ-ийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхдээ “Говийн бүс нь 350 мянган км газар буюу Монгол Улсын нийт газар нутгийн 22.3 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн амын 5.6 хувь нь амьдардаг, Монгол Улсын хөгжлийн тулгуур бүс нутаг юм. ЭЗБӨЧСТ 2013 оноос Монгол Улсын 21 аймгийг эдийн засаг, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлсээр 180 гаруй шалгуур үзүүлэлтийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварыг жил болгон тодорхойлсоор ирсэн. Хөрш зэргэлдээ Өмнөговь аймаг 3-т, Дорноговь аймаг 10-т эрэмбэлэгдэж байхад Дундговь аймаг 21-т эрэмбэлэгдэж байна. Тиймээс ч бид Дундговь аймгийг сонгож чуулганаа зохион байгуулж байна. Өмнөговь, Дорноговь аймгуудад уул уурхайн салбар хөгжсөнөөр нийгэм эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлсэн. Бид чуулганаараа бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн төрөлжилт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэхийг зорьж байгаа” гэлээ.

ЭЗБӨЧСТ нь бүс нутгийн хамтын хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж буй бөгөөд 2014 онд 21 аймгийн төлөөллийг оролцуулсан “Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган”-ыг Улаанбаатар хотод, өнгөрсөн жил “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод амжилттай зохион байгуулсан билээ.

Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, Даниел Шмюкинг хэлэхдээ “Харьцуулсан судалгаанууд аймаг тус бүрий өнөөгийн нөхцөл болон ил тод байдал нь ямар байгаа талаарх мэдээллийг бодлого боловсруулагчдад танилцуулдаг. Мөн энэхүү судалгаагаар аймгуудын хооронд өрсөлдөх чадварын түвшин ямар байгааг харуулдаг. Ил тод байдал болон өрсөлдөх чадвар нь эдийн засгийн хөгжилд нэн чухал хүчин зүйл юм. Тийм ч учраас бид ЭЗБӨЧСТ-г дэмждэг.

Аймгуудын өрсөлдөх чадварын эрэмбэ


Эх сурвалж: Амгуудын өрсөлдөх чадварын тайлан 2015

Говийн бүсийн аймгуудын давуу тал: Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ Өмнөговь 2-т, Дорноговь 9-т, Дундговь 7-т, Дундаж цалингаар Өмнөговь 2-т, Дорноговь 4-т, Дундговь 12-т эрэмбэлэгдэж байна.

Говийн бүсийн аймгуудын сул тал: Төсвийн орлогын хэмжээгээрээ Өмнөговь аймаг 1-т эрэмбэлэгдэн тэргүүлж байгаа хэдий ч Дорноговь 19-т, Дундговь 20-т эрэмбэлэгдсэн бөгөөд тариалсан талбайн хэмжээгээр Өмнөговь 18-т, Дорноговь 19-т Дундговь 20-т эрэмбэлэгдэж байна.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Манай аймгийн эдийн засгийн үндэс нь мал аж ахуй бөгөөд тус аймагт томоохон үйлдвэр, уурхай байхгүй, орлого багатай, жилийн төсвийнхөө 80 гаруй хувийг улсаас татаас байдлаар авдаг, хүн ам цөөнтэй, зах зээлийн багтаамж багатай аймаг юм.

Тус аймаг Улаанбаатар хот Өмнөговь, Дорноговь аймгуудын уул уурхай, аж үйлдвэрийн паркийн их бүтээн байгуулалтын алтан дундаж дээр байрладаг, хатуу хучилттай авто зам, эрчим хүчний найдвартай олон талын эх үүсвэр бүхий дэд бүтцийн одоогийн хүрсэн түвшингээ улам сайжруулсны үндсэн дээр хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлж говийн бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой юм.

Чуулганд оролцож буй аймгууд тус тусын аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ говийн бүс нутгийг хамтдаа хөгжүүлэх, харилцан бие биеийнхээ давуу болон сул талуудыг нөхөж хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцсон нь өнөөдрийн энэ чуулганы гол үр дүн гэж үзэж байна” гэлээ


МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан