2024, 4-р сар 23, Мягмар гариг Шилэн данс

“Бизнесийг албан хэлбэрт шилжүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” судалгааны тайлан гарлаа

2015 оны 3-р сар 12, Пүрэв гариг

Монгол Улсын эдийн засаг өсөхийн хэрээр зарим бэрхшээлүүд тулгарч байгаа бөгөөд түүн дотроос албан бус эдийн засгийн хамрах хүрээ хурдацтай тэлж байгаа нь анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн нэг болж байна.

ҮСХ-ноос гаргасан мэдээллээс харахад албан бус эдийн засаг нь Монгол Улсын ДНБ-ийн ойролцоогоор гуравны нэгийг эзэлж байгаа бөгөөд албан бусаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс шалтгаалж Монгол Улсын эдийн засгийн чадавхийг бүрэн тооцоолоход хүндрэлүүд гарсаар байна.

Монголын жил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв хамтран "Аж ахуй эрхлэлт дэх албан бус хэвшлийг албан хэвшилд шилжүүлэх нь: өнөөгийн байдал, дүгнэлт, сорилт, шинэчлэлийн бодлогын зөвлөмж (чиглэл)" сэдэвт судалгааны тайланг боловсруулан гаргалаа.

Судалгааны тайланг хэвлэл мэдээлэл, олон нийтэд танилцуулах арга хэмжээ 2015 оны 3-р сарын 11нд Блю Скай хурлын танхимд боллоо. Энэ үеэр төвийн зүгээс болон МАОЭНХ-ийн зүгээс судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцуулав.

Энэхүү судалгааны тайлан зарим үзүүлэлт, үр дүнгээс дурьдвал:

Албан бус эдийн засаг нь Монгол Улсад албан салбар дахь эдийн засгаас илүү хурдтай өссөөр байна. 2013 онд албан салбар дахь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо 4 хувиар өссөн байхад албан бус салбарт 15 хувиар өссөн байна.

Албан бус салбар дахь аж ахуй эрхлэлтийг албан үйл ажиллагаа эрхлүүлэх томоохон түлхэцүүдийн нэг бол яах аргагүй санхүү, хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого юм.

Татварын хувь хэмжээ, зохицуулалтууд нь бизнесүүдийг албан салбарт шилжихэд ихээхэн хүндрэл учруулж байна.

Аж ахуйн нэгжүүдийн бараг 50 орчим хувь нь төрийн үйлчилгээ авахад албан бус татвар, мөнгө өгөх явдал нь хамгийн том бэрхшээл нь болдог гэжээ. Аж ахуй нэгжүүд төрийн байгууллагуудаас ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз авах хүсэлт гаргах үедээ албан бус урамшуулал төлдөг байна.

Экспортод бүтээгдэхүүнээ гаргаж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн тоо харьцангуй бага байгаа бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлоход бүрдүүлэх баримт бичиг, хяналт шалгалт, стандарт зэрэг хүндрэлтэй нөхцлүүдээс шантардаг байна. Судалгаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн зөвхөн 4 хувь нь бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг гэж хариулсан бөгөөд тэд ч мөн ялгаагүй нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 10-30 хувийг л экспортод гаргадаг гэж хариулсан байна.

Жижиг аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын тендерт оролцох үйл явцад нь тусалж дэмжих шаардлага ихээхэн хэрэгцээтэй байна. Засгийн Газрын тендерт оролцоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг үү гэсэн асуултанд санал өгөгчдийн 65 хувь нь “Үгүй” гэж хариулсан байна.

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд ихэнхи хувийг эзэлдэг жижиг аж ахуйн нэгжүүд өөрсдийн ажилчдад зориулсан сургалтын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ бий гэв. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ердөө 40 хувь нь ажлын байран дээрх сургалтаас бусад төрлийн сургалтыг санал болгодог, харин албан бусаар үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн ердөө 9 хувь нь энэ төрлийн сургалтанд ажилчдаа хамруулдаг байна.

Аж ахуйн нэгжүүдэд Хөдөлмөрийн холбогдолтой хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй хүргэх шаардлагатай байна. Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь "тодорхой бус, төвөгтэй" гэж хариулсан юм. Үүнээс гадна, албан болон албан бус аж ахуйн нэгжийн аль аль нь хөдөлмөрийн гэрээг тэр бүр бичгээр байгуулж баталгаажуулахгүй байна.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 100 гаруй албан болон албан бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дээд албан тушаалтнууд, бизнесийн орчин тодорхойлогч буюу төрийн байгууллагуудын 17 албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон санхүүгийн бус төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг хамруулсан болно.

Судалгааны тайланг удахгүй энэхүү вебсайтад бүрэн эхээр тавигдана.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан