2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган болов

2014 оны 10-р сар 20, Даваа гариг

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-ийн үр дүнг хэрхэн ашиглах, аймгуудын өрсөлдөх чадварыг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцэхээр "Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган"-ыг 2014 оны 10 сарын 8, 9-ний өдрүүдэд Конрад-Аденауэр сангийн дэмжлэгээр амжилттай зохион байгууллаа. Чуулганд 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон МҮХАҮТ-ын аймгууд дахь салбарын дарга зэрэг нийт 60 гаруй төлөөлөгч оролцов.

Тус чуулганыг нээж ЭЗБӨЧСТ-ийн Удирдах Зөвлөлийн тэргүүн П.Цагаан өрсөлдөх чадварын судалгааны тайлан нь монголдоо хамгийн үнэн бодит, хараат бус, сайтар боловсруулагдсн тайлан гэдгийг онцлоод бүс нутгийн өрсөлдөх чадварт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэхийг уриаллаа. Энэхүү хуралд ХБНГУ-ын нэрт эдийн засагч, профессор Ханс-Римберт Хеммер бүсчилсэн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах үйл явцын төвлөрлийг сааруулах чиглэлээр ХБНГУ-ын туршлагаас хуваалцаж, ЭЗБӨЧСТ-ийн захирал Б.Лакшми Макро-эдийн засгийн төлөв байдал, 2015 оны чиг хандлагын талаар, МУ-ын Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар, Үндэсний статистикийн хорооны төлөөлөгчид хүрэлцэн ирж Албан ёсны статистик тэдгээрийг тооцох арга зүйн талаар тус тус танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган нь анх удаа зохион байгуулагдаж байгаа нь хөгжлийн бодлого, стратегиа төлөвлөх, үнэлэх боломжийг олгож байгаа төдийгүй орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хөгжлийн бодлого, хамтын ажиллагаагаа уялдаатай төлөвлөх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо. Хурлын үеэр бүсчилсэн хэлэлцүүлгүүд явагдсан бөгөөд хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн боловсруулж товхимол гаргахаар бэлтгэж байна.

Чуулганы үеэр Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан, Аймгуудын өрсөлдах чадварын тайлан болон сар тутмын макро эдийн засгийн тоймыг оролцогчдод тараав.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан